Д.Дамба-Очир: Ганцхан гарын үсэг зурснаараа өмссөн пиджактайгаа л шорон руу ачигдсан

Д.Дамба-Очир: Ганцхан гарын үсэг зурснаараа өмссөн пиджактайгаа л шорон руу ачигдсан

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт 2016-2020 оны парламент буюу УИХ-ын 40 гаруй гишүүд нэр холбогдсон байдаг.

Хэргийн гол зохион байгуулагч болох салбарын сайд асан Б.Батзоригт шүүхээс торгох ял оноосон бол,  албан ёсоор Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд гэх 4 гишүүнд бодит хорих ял оноож байсан юм.

Бусад нэр холбогдсон 40 гаруй гишүүдийн ихэнх нь "зээлийг буцааж төлсөн", "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй", "хамаарал бүхий компани нь шалгуур хангасан байсан" гэх зэрэг шалтгаанаар хэрэг нь хэрэгсэхгүй болж эсвэл торгох төдий ялаар мултарсан байдаг

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир ЖДҮХС-ийн  хэрэгт холбогдон 3.6 жилийн хорих ял эдэлж, суллагдсаныхаа дараа өөрт тохиолдсон нөхцөл байдал болон улс төрийн шалтгааны талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр хэлэхдээ, Маш олон гишүүд холбогдсон. Зарим нь сайд дарга болоод явцгаасан. Тэр үед хэдэн хүнийг хэлмэгдүүлээд л өнгөрсөн. "Би ердөө нэг гарын үсэг зурснаараа өмссөн пиджактайгаа л шорон руу ачигдсан. Энэ бүхэн гэр бүл, ээж аав, эхнэр хүүхдүүдэд маань маш хүнд туссан" хэмээн онцолсон юм. Мөн тэрээр өөрийгөө улс төрийн золиос болсон гэж үзэж байгаа бөгөөд энэхүү хэргийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс зохион байгуулсан ажил гэж хардаж байгаагаа нуусангүй. 

Д.Дамба-Очир гишүүн асан ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар ял авсан олон улс төрчдийн нэг байсан бөгөөд түүний энэхүү мэдэгдэл олон нийтийн анхаарлыг дахин татаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.