Л.Жижжалам: Хүүхэд өвдөхөд ээж хүний ноён нуруу хугарах шиг л болдог
Жүжигчин Л.Жижжалам алдарт эхийн II одонгоо гардаж авлаа. Тэрээр 7-15 насны 5 хүүхдийн ээж бөгөөд хүүхдүүдийн эрүүл өсөж, торинох орчинд ихээхэн санаа зовж явдаг талаараа хуваалцлаа.
Жүжигчин Л.Жижжалам:
-Манай улс "Алдарт эхийн" нэг, хоёрдугаар зэргийн одонг гардуулж эхлээд бараг 70 жил болж байна. Өнөөдөр энэ хүндтэй шагналыг хүртэж буй олон ээжүүдийн ард Монгол орны ирээдүй болсон бяцхан үрс бий. Эх орныхоо маргаашийг авч явах шинэ үеийг төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй нийт ээжүүддээ баярын мэнд хүргэе.
Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ ажил төрлөө амжуулна гэдэг амаргүй даваа. Гэхдээ хүн завгүй байх тусмаа бүхнийг амжуулж сурдаг юм байна. Хүүхдүүд томрох тусам дүү нараа харж, бие биедээ дэм болдог нь олон хүүхэдтэй айлын нэг том давуу тал юм. Мөн ажил ихтэй үед хүүхдүүдийг минь харж өгдөг аав, ээж хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд 7-оос 17 насны таван хүүхэдтэй.
Олон хүүхэдтэй байхын хамгийн сайхан нь тэдний минь инээд хөөр, гэр дүүрэн аз жаргал юм. Ажлаасаа ядарч ирэхэд урдаас гүйж ирээд тэврүүлэх тэр хайр бол юугаар ч сольшгүй. Би алдсан эрч хүчээ хүүхдүүдээсээ л нөхөж авдаг.
Харин хамгийн хэцүү зүйл бол хүүхэд өвдөх юм. Үрс минь өвдөхөд ээж хүний ноён нуруу хугарах шиг л болдог. Намар болоод хичээл сургууль орохоор балчир үрс маань өвдөж эхэлдэгт маш их эмзэглэдэг. Олон хүүхэдтэй болохоор нэг нь өвдөхөд бусад нь дагаад өвдөх тохиолдол бий.
Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлээсэй гэж хүсдэг. Манай улсын сургууль, цэцэрлэгүүд маш их ачаалалтай ажилладаг. Үүнийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, төр засгаас онцгойлон анхаараасай гэж хүсэж байна.
"Алдарт эхийн" одонгоор ээжүүдийг урамшуулж байгаа нь сайшаалтай ч үүний зэрэгцээ хүүхдүүдийн өсөж торних орчин нөхцөлийг сайжруулж, Монгол улс маань хүүхдэд ээлтэй орон болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.