Ц.Идэрбат: Нөөцийн махыг одоо 6 дүүргийн цэг дээр борлуулахгүй. Сүлжээ дэлгүүрүүдээр л борлуулна
Нөөцийн махны талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаас тодруулаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Нийслэлийн мал эмнэлгийн газар болон Хөдөө аж ахуйн газартай хамтран нөөцийн махны нийлүүлэлтэд өдөр шөнөгүй хяналт тавин ажиллаж байна. Одоогоор үлдэгдэл нөөцийг тоолж дууссан бөгөөд өдрийн дундаж хэрэглээнд тулгуурлан ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэлх борлуулалтын төлөвлөгөөг гаргаад байна.
Нөөцийн махны үнэ буурсантай холбоотойгоор кассын тооцоололд хугацаа шаардагдсан тул эхний өдрүүдэд зургаан дүүргийн тодорхой цэгүүдэд гадаа борлуулсан. Одоо энэ ажил хэвийн горимд шилжиж, 80 гаруй сүлжээ дэлгүүрээр тасралтгүй нийлүүлж байна. Дэлгүүрүүдийн хөргөлтийн багтаамжаас шалтгаалан мах хурдан дуусах тохиолдол гарч байгаа ч нийлүүлэлтийг тогтворжуулахаар ажиллаж байна.
Зарим аж ахуйн нэгжүүд мэдээллээ зөрүүтэй өгөх, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх асуудал гарч байна. Төсвөөс хүүгийн хөнгөлөлт, татаас авсан компаниуд махаа зах зээлд нийлүүлэх хатуу шаардлага тавьж байгаа бөгөөд борлуулалтыг "И-баримт"-д үндэслэн хянаж эхэлсэн. Хариуцлага алдсан компаниудын асуудлыг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж байна.
Нөөцийн мах бэлтгэх компаниудын сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон банкууд хариуцан гүйцэтгэсэн бөгөөд салбарын яам шууд оролцоогүй. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу яамны зүгээс зохицуулалт хийж, махны хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.