Даваадалай: Газрын тосны үйлдвэрийн зээлийн санхүүжилт өнөөдөр УИХ-аар батлагдлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрын талаар Эрдэнэс Монгол захирал Б.Даваадалайгаас тодрууллаа. 

Газрын тос боловсруулах үйлдвэрт илэрсэн 31 тэрбум төгрөгийн аудитын зөрчлийг нарийвчлан нягтлах шаардлагатай байна. Зарим тохиолдолд аудитын дүгнэлт ангиллын хувьд оновчгүй гарсан байх магадлалтай тул агуулгыг нь сайн харах ёстой. Уг стратегийн төсөл 2023 онд "Эрдэнэс Монгол" нэгдэлд шилжиж ирсэн бөгөөд одоогоор үйл ажиллагааны зардал болон ажилчдын цалинг тасалдуулахгүй олгож байна.

Төслийн санхүүжилттэй холбоотой хууль эрх зүйн гацааг УИХ-аар шийдвэрлэсэн нь үйлдвэрийг нэмэлт зардалгүйгээр, хугацаанд нь ашиглалтад оруулах боломжийг бүрдүүллээ. Өмнө нь төсвийн орон зайгүйгээс Энэтхэгийн зээлийг ашиглах боломж хязгаарлагдмал байсан бол одоо энэ асуудал шийдэгдэж байна. Үйлдвэрийг 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулснаар Монгол Улс шатахууны хамаарлаас салж, иргэдийн бодит орлого өсөх нөхцөл бүрдэнэ.

 Стратегийн томоохон төслүүдийг Хөгжлийн банкны хүүтэй зээлээр санхүүжүүлэх нь орлого олж эхлээгүй компаниудад өр авлагын дарамт үүсгэж байна. Цаашид төслийн шинжтэй компаниудад олгож буй санхүүжилтийн хэлбэрийг эргэж харж, хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдэх нь зүйтэй. "Эрдэнэс Монгол" нэгдлийн зүгээс инженер техникийн ажилтнуудын ажиллах орчин, цалин хөлсийг дэмжихэд онцгой анхаарч байна.

"Эрдэнэс алт ресурс" компанийн хувьд сүүлийн хоёр жилд ашигтай ажиллаж, тэтгэврийн зээлийг тэглэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Одоогийн ордын нөөц дуусаж байгаа тул шинэ төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Ингэснээр компанийн үйл ажиллагаа тогтворжиж, тулгамдсан өр төлбөрөө бүрэн барагдуулах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

И
Инженер 1 сар, 1 долоо хоног
Аудит баталгаа байхгүй байхад яагаад баталж байгаа юм бэ.