Унгар Улсад Петер Мадьярын шинэ Засгийн газар түүхэн шинэчлэлүүдээ эхлүүллээ

Унгар Улсад Петер Мадьярын шинэ Засгийн газар түүхэн шинэчлэлүүдээ эхлүүллээ

Унгар улсын парламентын сонгуульд "Тиса" нам үнэмлэхүй ялалт байгуулснаар 16 жил үргэлжилсэн Виктор Орбаны засаглал эцэс болж, шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр Засгийн газраа бүрдүүлэн ажилдаа орлоо. Тавдугаар сарын 9-нд албан тушаалдаа орсон шинэ Ерөнхий сайд Мадьяр улс орныхоо ардчилсан тогтолцоог сэргээж, Европын Холбоотой харилцаагаа сайжруулах зорилгоор Үндсэн хуульд томоохон нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаад байна.

Шинэ засгийн газар нь 17 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд нийт 16 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, хүүхдийн асуудал эрхэлсэн яам болон Хууль зүйн яамдад гол шийдвэрүүдэд хориг тавих онцгой эрх олгосон нь засаглалын хяналт, тэнцвэрийг хангахад чиглэгджээ.

Петер Мадьярын тангараг өргөх ёслол тавдугаар сарын 12-нд болсон бөгөөд энэ нь Унгарын улс төрийн шинэ эрин үеийн эхлэл гэж шинжээчид үзэж байна.

Засгийн газраас өргөн барьсан хамгийн гол өөрчлөлт нь "Орбаны нэмэлт" гэж нэрлэгдээд буй Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг найман жилээр хязгаарлах тухай хуулийн төсөл юм.

Энэхүү зохицуулалтыг 1990 оны ардчилсан шилжилтээс хойш хугацаанд буцаан хэрэглэхээр төлөвлөж байгаа нь нийт 20 жил засагласан Виктор Орбаныг дахин төрийн эрхэнд гарахаас бүрмөсөн сэргийлэх зорилготой. Хэдийгээр хуульчдын зүгээс буцаан хэрэглэх заалтыг шүүмжилж байгаа ч "Тиса" нам парламентад 71 хувийн суудалтай тул уг өөрчлөлт батлагдах нь тодорхой болоод байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан "Бүрэн эрхт байдлыг хамгаалах алба"-ыг татан буулгаж, төрийн мэдэлд байсан 34 сангийн хяналтыг эргүүлэн авахаар ажиллаж байна.

Эдгээр сангууд нь өмнө нь Унгарын 21 их сургууль болон улсын томоохон хөрөнгийг удирдаж байсан бөгөөд шинэ засаг захиргаа үүнийг төрийн хяналтад буцаан оруулснаар авлигатай тэмцэх бодит алхам болно гэж үзэж байгаа юм.

Унгарын эдийн засгийг сэргээхэд нэн шаардлагатай байгаа Европын Холбооны царцаагдсан 17 тэрбум еврогийн санхүүжилтийг авах нь шинэ Засгийн газрын тэргүүлэх зорилт юм. Үүний тулд ардчилсан хяналтын тогтолцоог сэргээж, авлигын эсрэг шинэчлэлүүдийг эрчимтэй хийж байна.

Петер Мадьяр албан тушаалдаа очсоныхоо дараахан Польш, Австри улсуудад айлчилж, Европын гол холбоотнуудтайгаа харилцаагаа шинэ шатанд гаргахаа мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.

Унгар улс ийнхүү олон жилийн дараа барууны ардчилсан үнэт зүйлс рүү эргэн чиглэж, Европын нэгдсэн зах зээлд илүү идэвхтэй оролцох замаа засаж эхэллээ. Шинэ засгийн газрын авч хэрэгжүүлж буй эдгээр зоримог алхмууд нь тус улсын эдийн засаг болон гадаад харилцаанд томоохон эерэг өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт үүсээд байна.

Эх сурвалж:

tvpworld.com

aa.com.tr

en.wikipedia.org

theguardian.com

euractiv.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.