Машины худалдаа эрхлэгч: Үнэгүй байсан машины дугаарыг хамгийн багадаа 1 саяас 1.8 сая болгосон

22 товчооны авто цогцолбор дээрээс машины худалдаа эрхлэгч болон иргэдээс УБ сертэй дугаарын үнийн хөөрөгдөл, 2015 оноос өмнөх машинд дугаар өгөхөө больсон нь хэрхэн нөлөөлсөн талаар тодрууллаа. 

2025 оны нэгдүгээр сараас эхлэн 2015 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохыг хязгаарласан нь авто худалдааны зах зээлд томоохон савлагаа үүсгээд байна. Өмнө нь үнэ төлбөргүй олгогддог байсан улсын дугаар өнөөдөр "ченжүүдийн" гар дээр 1-1.8 сая төгрөгийн үнэд хүрч, иргэдийн нуруун дээр санхүүгийн нэмэлт ачаа болж байна.

Энэхүү шийдвэр нь ялангуяа дунд болон түүнээс доош орлоготой иргэдэд хүнд тусч байна. Шинэ дүрэм хэрэгжсэнээр он хуучин автомашины борлуулалт эрс зогсож, иргэд аргагүйн эрхэнд орон нутгийн дугаартай машин авч хотод унах болжээ. Энэ нь түгжрэлийг бууруулах зорилготой боловч бодит байдал дээр машины тоог хязгаарлаж чадахгүй байгааг худалдаа эрхлэгчид шүүмжилж байна.

Хотын удирдлагууд Улаанбаатарыг Бээжин, Сингапур зэрэг хотуудтай харьцуулан ийм шийдвэр гаргасан ч газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил, дэд бүтцийн хувьд эрс ялгаатайг иргэд онцолж байна. Түгжрэлийг иргэдийн хэрэглээг боомилох замаар бус, зам харилцааг сайжруулах, давхар зам барих зэрэг оновчтой шийдлээр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Цаашилбал, автомашины насжилт болон дугаарын хязгаарлалт тогтоох нь дотоодын авто худалдааны зах зээлийг Хятадын хямд, чанаргүй автомашинд алдах эрсдэлийг дагуулж байна. Энэхүү бодлого нь иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж, эдийн засгийн хараат байдалд хүргэж болзошгүйг салбарынхан анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.