Баримт_хураангуй: Хилийн бүсэд газар олгосон гэх хэрэг хаана замхрав?
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зөрчиж, хилийн зурвас дотор газар олгосон шийдвэрийг өмнөх бюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргасан гэх асуудал хаана гацав. Уг мэдээллийг эргэн хамтдаа нягталж үзье.
Энэ оны эхээр буюу 2026 оны 01-р сарын 22-нд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хилийн зурвас дотор 54 лиценз олгож, хилийн 10 боомтод 34,2 мянган га газар ашиглуулахаар өгсөн баримт дэлгэж, Л.Оюун-Эрдэнэ улсынхаа хилийг зарж идсэн байна! хэмээн мэдэгдэж байв.
Ингэхдээ
1рт,
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан,
2рт, улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл олгосон талаар хөндөж байв.
Харин ингэж мэдэгдсэнээс сар хүрэхгүй хугацааны дараа Засгийн газар шийдвэр гаргаж хилийн бүсэд олгосон 54 лиценд болон, 10 боомтод ашиглуулахаар өгсөн Засгийн газрын 2025 оны тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргаж байсан юм.
Улмаар 02-р сарын 12-нд нь тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хилийн зурвас болон боомт дотор газар олгосон дээрх 2 асуудлыг шалгуулахаар АТГ, УЕПГ, ЦЕГ-уудад өгснөө мэдэгдэж байв.
Гэвч түүнээс хойш хилийн зурваст газар олгож, бүр Монгол Улсын ҮАБ-д нөлөөлсөн гэх энэ асуудал хэрхсэн нь тодорхойгүй замхрав.
Уг асуудлаар бид одоогийн ХЗДХ-ийн сайд Амарсайханаас торуулахад “хилийн бүсэд газар олгоно гэж байхгүй. Ер нь ийм асуудал огт байхгүй” хэмээн хариулсан юм.
Гэвч уг асуудлыг ХЗДХ сайд биш хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Харин бид АТГ-аас уг асуудал шалгагдаж байгаа эсэхийг тодруулахад “шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн тайлбар хэллээ. Харин УЕПГ-аас тодорхой тайлбар өгсөнгүй.
Тухайн асуудлыг анх дэлгэж тавьсан одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ч мөн би баримт ярьсан. Бүр Эрүүгийн цагдаагийнхан очиж шалгалт хийсэн. Тэгээд 54 лиценз цуцалсан гэдгийг бататгалаа.
Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж Үндсэн хуульд тунхагласан. Монгол Улсын хилийн тухай хуульд “Улсын хил халдашгүй дархан байна” гэж заасан.
Монгол Улсын хилийн тухай хуулинд хилийн зурвас буюу хилийн бүсээс дотогш 15 км газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглох заалт бий.
Мөн ашигт малтмалын тухай хуулинд, "тусгай хэрэгцээний газар" ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон байдаг.
Гэвч хилийн зурвас дотор 54 лиценз олгож, хилийн боомтод 34,2 мянган га газар ашиглуулах тогтоол гаргаж, ҮАБ-даа нөлөөлсөн энэ хэрэгт ямар эрх мэдэлтнүүдийг шалгаж, хууль хяналтынхан ажлаа хийж байгаа эсэхийг бид эргэн сурвалжилна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.