Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа

Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголбанк болон банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Монголбанк, арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудын төлөөлөл болсон 1,300 орчим хүн оролцлоо.

Ерөнхийлөгч, төрийн мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэгч, улсын Эрдэнэсийн санг сахин хамгаалж буй Монголбанк болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэн.

Энэ бүхэн нь Төв банк болон арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын хүчин чармайлттай салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн итгэлийг алдахгүй байх, түргэн шуурхай үйлчлэхийн төлөө хичээн ажиллахыг захилаа.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, Төв банкны хараат бус байдал, эрх зүйн орчныг бэхжүүлэхийн төлөө бодлогын дэмжлэг үзүүлдэг Ерөнхийлөгчид Монголбанкны удирдлага талархал илэрхийллээ.

received 1549106516548240 1024x683

Гадаад, дотоод орчны сорилттой тулгарч байгаа ч үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, багагүй амжилтад хүрснийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ.

Тухайлбал нэгдүгээр улирлын байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.9 хувьд хүрч, экспорт 60 гаруй хувиар өсөн, гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрсэн инфляц Төв банкны бодлогын дүнд тогтворжиж байна.

Арилжааны банкууд санхүүгийн тогтвортой үйлчилгээ үзүүлж, чанаргүй зээлийн хэмжээг бага түвшинд байлгасан нь энэ бүхэнд чухал хувь нэмэр оруулжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хамгийн том дэмжигч, түнш нь банк, санхүүгийн салбарынхан юм.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид, газар тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосны дүнд сүүлийн гурван жил хүрэхгүй хугацаанд 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэдэг боллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд 158 аж ахуйн нэгжид 488 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт гэхэд л 330 сая ам.долларт хүрээд байна.

Мөн ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгдлээ.

Банкны салбарынхан 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулах амлалт авч, одоогоор 1,400 га талбайд 3.4 сая мод тарьж, ургуулаад байна.

received 2752046835158980 1024x683

Монголбанк хараат бус, бие даасан байдлаа бэхжүүлэх, улсын Зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, хяналт шалгалтыг автоматжуулах технологи нэвтрүүлж, нийт орон тоог 19 хувиар цомхотгосон.

Цаашид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, иргэдийн амьдралын чанарыг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх “Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө” хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Монголбанкны ахмад ажилтан Пэрэнлэйн Дамдин, Монголын ногоон санхүүгийн корпорацын гүйцэтгэх захирал Магваны Болдоо, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Оригийн Банзрагч нарт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

received 2198747970947282 1024x683received 2040088186892435 1024x683received 1671434760643036 1024x683received 2304189487078478 1024x683received 1336802391647963 1024x683received 1672866723951539 1024x683received 4044456855851343 1024x683received 1960693117870307 1024x683received 1676151450195881 1024x683received 1747980182887276 1024x683received 1524317279169229 1024x683received 1728083481552314 1024x683received 2033285347543425 1024x683received 1611645817194424 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.