Л.Баяржаргалын ээж: "Төр, түмэн минь үр хүүхдийг минь харж үзээд, гадуур шалгаж өгөөч" л гэж гуйж байна
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргал хорих 461-р ангиад хоригдоод 50 хоног, өлсгөлөн зарлаад 4 хонож байна. Түүний биеийн байдал хүнд, явж чадахгүй, мэдүүлэг өгөх чадамжгүй болсон талаар гэр бүлийнхэн нь мэдээлэл өглөө.
Л.Баяржаргалын эгч Л.Баярмаа:
-Бид өдөр болгон очиж байгаа ч уулзах боломжгүй, өмгөөлөгчөөр нь дамжуулж уулзаж байна. Явж чадахгүй болсон байна.
Өлсгөлөн зарлаад хэдэн цаг болсон бэ?
-Баасан гарагт 15:00 цагаас өлсгөлөн зарлаж эхэлсэн гэдгийг нь мэдээд энэ талаар нь 461-р ангиас нь лавлахад биеийн байдал хүнд, зүрхний хэм алдагддаг хүнийг өлсгөлөн зарлахыг нь хүлээж авсан юм билээ. Өчигдрөөс шингэн зүйл ууж байгаа гэсэн. Өчигдөр уулзсан. Биеийн байдал нь хүнд, явж чадахгүй байна.
Өнөөдөр өмгөөлөгч Цолмон орж уулзсан. Гарч ирээд "ер нь хүнд байна шүү" гэдгийг бидэнд хэлсэн. Бид цагдан хоригдсоноос нь хойш 3 удаа л уулзсан. Энэ хугацаанд байцаалт, мэдүүлэг авсан уу гэж асуухаар ерөөсөө аваагүй гэдэг хариулт хэлдэг. Өнөөдөр/2026.05.20/ мэдүүлэг авна гэсэн юм билээ. Гэвч мэдүүлэг өгөх чадваргүй байгаа учраас өмгөөлөгч нь татгалзсан.
Л.Баяржаргалын ээж:
-Миний охин 04-р сарын 10-аас хойш хоригдож байна. Гадуур шалгаж өгөөч гэж гуйх гэж л ирлээ. Биеийн байдал нь муу байгаа болохоор үргэлж л санаа зовж байна. Бид яах вэ, үр хүүхдээ л тэндээс гараад ирвэл сэтгэл далай болох гээд байна. Би охин дээрээ очиж, сэтгэл санааг нь уймруулчих байх гээд очиж уулзаж чадахгүй л байна.
Төр, түмэн минь үр хүүхдийг минь харж үзээд, гадуур шалгаад өгвөл бие хааг нь гайгүй болгоод авъя гэж л гуйж байгаа юм.
Би ч гадуур гарч чадахгүй, хүүхдүүдийг нь хараад байж байна. Хүүхэд нь 2 долоо хоног хичээлдээ явж чадаагүй бас хатгаа авчихсан л байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.