Р.Сэддорж: Төрөөс малчдын хүүхдэд анхаарал хандуулах цаг болсон

УИХ-ын гишүүн Р.Сэддорж малчин өрхийн хүүхдийг нэг, хоёрдугаар ангид нь цахимаар юм уу шавь сургалтаар сургаж, 8 нас хүрэхээр нь буюу 3-р ангиас нь танхимаар үргэлжүүлэн сургах хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Уг асуудлаар нь тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: 

-Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж буй гол хүч бол 21 аймгийн 330 суманд амьдарч, төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байгаа малчид юм. Тэр дундаа дөрвөн улирлын турш нүүдэллэн, үндэсний өв соёл, уламжлалыг нуруундаа үүрч, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр зах зээлээ хангаж буй малчид бол манай улсын оршин тогтнохуйн дархлаа.

Өнөөдөр малчдын хүүхдүүдийн асуудалд төр засаг онцгойлон анхаарах цаг хэдийн болжээ. Сүүлийн жилүүдэд мах, ноолуурын үнэ ханш тогтворгүй байгаагаас үүдэн залуу малчдын тоо 20-30 хувиар буурч, хөдөө орон нутагт амьдрах итгэл алдарч байна.

Хэрэв малчид үгүй болбол үндэсний үйлдвэрлэл зогсож, өв соёл тээгчид үгүй болж, хил орчмын газар нутаг эзэнгүйрэх аюул нүүрлээд байна. Энэ нь эцсийн дүндээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал юм.

Малчдын өмнө тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол боловсролын тогтолцоо юм. Хүүхдийг зургаан настайгаас нь заавал сумын төвийн танхимд сургах, дотуур байранд суулгах шаардлага нь малчин гэр бүлийг хоёр хуваагдахад хүргэж байна.

Хүүхдээ харах нэрээр эхнэр нь сумын төв бараадаж, нөхөр нь хөдөө малаа маллаж үлдсэнээр гэр бүлийн зардал хоёр дахин нэмэгдэж, улмаар гэр бүл салалт, архидалт, нийгмийн сөрөг үзэгдлүүд газар авч байна. Энэхүү буруу тогтолцооноос болж олон малчин өрх малаа зарж, хот суурин газар руу нүүж, ажилгүйчүүдийн эгнээг тэлж байна.

Бид дэлхийн жишгийг дагахдаа өөрийн ахуй соёл, уламжлалт шавь сургалтын онцлогийг орхигдуулж болохгүй. Малчдын хүүхдүүдэд боловсрол эзэмших уян хатан сонголтыг олгох шаардлагатай.

Орчин үеийн технологийн дэвшил, "Старлинк" зэрэг өндөр хурдны интернэтийг ашиглан зайнаас суралцах, эсвэл явуулын багшийн системээр дамжуулан хүүхдийг эцэг эхийнх нь дэргэд боловсрол эзэмшүүлэх боломжтой. АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад танхимын болон онлайн сургалтын сонголтыг иргэддээ олгодог туршлага бий.

Үндсэн хуульд мал сүргийг үндэсний баялаг хэмээн төрийн хамгаалалтад авсан байдаг. Тиймээс төр малчдынхаа нийгмийн асуудлыг цогцоор нь харж, гэр бүлээрээ элэг бүтэн амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Боловсролын салбарт хийх энэхүү шинэчлэл нь Монгол ахуйгаа хамгаалж, хөдөөг эзэнгүйдүүлэхгүй байх хамгийн чухал алхам болно.

Малчин айл гэр бүлээрээ хамт байж, үр хүүхдээ дэргэдээ өсгөх боломжийг бүрдүүлэх нь улс орны ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.