Иргэн: Монголчууд ямар их хүлээцтэй, ямар сул дорой хүмүүс вэ

Бөмбөгөр худалдааны төвийн гадаа талбайд нөөцийн махны оочир урт дараалал үүсгэсэн байдалтай байна. Бид иргэдийн байр суурийг тодрууллаа

Нийгэмд баян хоосны ялгаа туйлширч, хүмүүс доромжлолд хэтэрхий хүлцэнгүй ханддаг болжээ. "Үйлийн үр хаалга андуурахгүй" гэдэг үг бий. Шударга бус замаар хөрөнгөжиж байгаа хүмүүс өөрсдийгөө баяжиж байна гэж бодож болох ч, үнэн хэрэгтээ энэ нь үр хүүхдэд нь гай болох харгис үйлдэл юм. Хүн идэж ууж, хөрөнгөжиж болох ч бүх зүйл хэмжээ хязгаартай, хамгийн гол нь хийх ёстой ажлаа чанартай гүйцэтгэдэг байх хэрэгтэй.

Хотын дарга Х.Нямбаатарыг их ажил хийлээ гэж зарим нь сайшаах юм. Гэтэл тэр хүн албан тушаалынхаа дагуу хийх ёстой ажлаа л хийж байгаа хэрэг. Зүгээр байсан замын хашлага буюу бордюрыг хуулж солихыг би хувьдаа ойлгодоггүй. Гадаадын орнуудад хэдэн арван жилийн настай бордюрууд хэвээрээ л байдаг. Гэтэл манайд чанаргүй зүйлээр сольчихоод, түүнийгээ асар их ажил хийсэн мэтээр сурталчилж, цээжээ дэлсэх нь утгагүй юм. Үүний зэрэгцээ төрийн өндөр албан тушаалтнуудаа олон нийтийн сүлжээгээр доромжлох нь наад захын харьцааны соёлгүйг илтгэж байна. Би өөрөө төрд ажиллаж байсны хувьд өнөөгийн төрийн албан хаагчдын хандлагыг хараад харамсдаг.

Тэнд боловсрол, соёл дутмаг, бүдүүлэг хүмүүс олноор цугласан мэт санагдах боллоо. Төрийн албан хаагч гэдэг нь угтаа ард түмэнд үйлчлэх үүрэгтэй "үйлчилгээний ажилтан" байх ёстой. Гэтэл манайд энэ нэр томьёог буруугаар ойлгож, өөрсдийгөө ихэд бодсон, их зантай хүмүүс олширчээ. Боловсон хүчний чадавх маш сул, харилцааны соёлгүй байгаа нь нууц биш. Иргэд маань ч гэсэн хэтэрхий хүлцэнгүй, сул дорой байна. Өдөр хоногийг аргацааж өнгөрөөх бус, үзэл бодлоо зоригтой илэрхийлж, шударга бус зүйлийн төлөө тэмцдэг баймаар байна. Бид ийм идэвхгүй байсаар байвал нийгэм маань улам л доройтох болно. Тиймээс одоо жоохон сэргэж, дуу хоолойгоо хүргэх цаг болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.