Иргэд: Сайхан амьдарч байсан бол энд хөл, гараа өвтгөөд зогсох шаардлага байхгүй

Бөмбөгөр худалдааны төвийн гаднах талбайд нөөцийн махны борлуулалт эхэлж, иргэд маш урт дараалал үүсгээд байна. Өдрийн 12 цагийн орчимд нөхцөл байдал ийм байгаа бөгөөд өглөөний 08 цагаас хойш очерлосон иргэд дөнгөж махтайгаа золгож эхэлжээ. Нөөцийн махны худалдаагаар хонины мах 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөгөөр зарагдаж байгаа нь иргэдийн амьжиргаанд төдийлөн дэмжлэг болж чадахгүй байна.

Дараалалд зогсож буй хүмүүсийн дийлэнх нь ахмад настнууд байна. Хэрэв амьдралын түвшин боломжийн байсан бол эдгээр хүмүүс хөл гараа өвтгөн байж ийнхүү олон цагаар зогсохгүй байсан нь мэдээж. Хотын дарга огцорсны дараа гэнэтхэн мах гараад ирж байгаа нь ямар учиртайг иргэд ойлгохгүй байна. Төр засгийн бодлого ард түмэндээ хүрч, зөв замаар явж байна гэдэгт итгэхэд бэрх болжээ.

Өнөөдөр тэтгэврийн хэмжээ ямар байгаа билээ, гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөнийг бүгд харж байна. Насаараа улс эх орондоо хөдөлмөрлөсөн ахмадууд тэтгэврээ нэмүүлэх гээд Төрийн ордны гадаа жил тойрон суусан ч тэднийг хүндэтгэж үзсэн хүн алга. Гурван уут махны төлөө ийнхүү очерлож байгаа нь үнэхээр эмгэнэл юм. 70 сая малтай, гуравхан сая гаруй хүн амтай улс атлаа иргэд нь махны үнэд дарлагдаж, аргагүйн эрхэнд ийнхүү дараалалд зогсож байна. Бусад томоохон захуудад махны үнэ тэнгэрт хадсан тул иргэд очиж авахад хүндрэлтэй байна.

Ард түмэн өрнөөс өрний хооронд, зээлээр амьдарч байна. Залуучуудад Монголд амьдрах ямар ч боломж алга. Амьдралын шаардлагаар үр хүүхдүүд маань гадаадад ажиллаж, амьдарч байна. Эцэг эх бүр л үр хүүхдээ дэргэдээ байлгахыг хүсдэг ч бодит байдал үүнийг зөвшөөрөхгүй байна. Одоогийн нөхцөл байдал 1990-ээд оны картын барааны үеийг санагдуулж байна. Тэр үед талоноор бараа авдаг байсан шиг өнөөдөр ч бас тийм дүр зураг харагдаж байгаа нь харамсалтай.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 30 гаруй жил өнгөрсөн ч ард иргэдийн амьдрал улам л дордож байна. Мах, гурил, цагаан идээ бол монголчуудын гол хүнс. Ядаж эдгээр бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барьж чадвал ард иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрөх байлаа. Гэтэл дээд албан тушаалтнууд нь зөвхөн өөрсдийнхөө ашиг хонжоог харж, түрийвчээ зузаалахаас бус улс эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэл гаргахгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.