Иргэд: Үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулж байгаа нь иргэдийн хувьд ганц найдвар болж байна
Нөөцийн махны борлуулалтын цэгүүд дээр зохион байгуулалт муу байгаагаас иргэд хоёр гурван цагаар очерлож, цаг хугацаагаа их алдаж байна.
Том хөргүүртэй машинаар хангалттай хэмжээгээр нийлүүлэхийн оронд жижиг тэргээр бага багаар зөөж байгаа нь иргэдийг чирэгдүүлж байна. Уг нь нөөцийн махны худалдааг анхнаас нь зөв зохион байгуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гэтэл эрх мэдэлтнүүдийн шийдвэр, зохицуулалтгүй байдлаас болж ард түмэн л хохирч байна.
Махны үнийн өсөлт иргэдийн амьдралд маш хүнд тусч байна. Зах дээр үхрийн мах 37 мянга, хонины мах 26 мянган төгрөгт хүрчихсэн байхад энд үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулж байгаа нь иргэдийн хувьд ганц найдвар болж байна. Монгол хүний гол хүнс болох мах, гурилын үнийг тодорхой хэмжээнд барьж байхгүй бол иргэдийн амьжиргаа үнэхээр туйлдаж байна.
Мэдээллийн хүртээмж маш муу байна. Зөвхөн фэйсбүүкээр дамжуулж мэдээлэл өгч байгаа нь хангалтгүй бөгөөд иргэд хаана, хэзээ мах ирэхийг мэдэхгүй төөрөлдөж байна. Мал аж ахуйн орон атлаа махны нийлүүлэлт, борлуулалтын төлөвлөлт ийм урсгалаараа, зохион байгуулалтгүй байгаа нь харамсалтай. Үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд төр засгаас дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Малчдын гар дээрээс хямд гарсан мах хэд хэдэн дамжлага дамжиж, ченжүүдийн гараар орохдоо үнэ нь хэт өсөж байна. Тиймээс махны худалдааг НӨАТ-ын системд оруулж, ченжүүдийн дамжлагыг хяналтад авах замаар үнийг бууруулах бодлого баримтлах хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.