О.Баасанхүү: НДЕГ Капитал банкнаас авах ёстой 65 тэрбумынхаа өрөнд нэг объектыг нь авах гэхээр шүүх үнэгүйдүүлээд байна!
Нийгмийн даатгалын ерөнхий газрын (НДЕГ) итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч О.Баасанхүү өнөөдөр шүүгч Ичинхорлоо, Батбаатар нарын хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулахаар хандаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Хуульч О.Баасанхүү:
-Өнөөдрийн байдлаар НДЕГ нь "Капитал" банкнаас 65 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаас 10 гаруй тэрбум төгрөгийг мөнгөн болон үл хөдлөх хөрөнгийн хэлбэрээр барагдуулаад байна. Үлдсэн 40-50 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үүнтэй холбоотой нэгэн ноцтой асуудлыг олон нийтэд мэдээлэх шаардлагатай боллоо.
Бидний өмнө байгаа энэхүү барилга нь анх 2007 онд иргэн Тунгалагийн өмч байсан юм. Тухайн үед тэрээр "Улаанбаатар" банкнаас их хэмжээний зээл авч, эргэн төлж чадаагүй тул уг хөрөнгө зээлийн барьцаанд хураагдсан байдаг. Банк өөрийн өмч болсон барилгыг цааш худалдан борлуулж, өмчлөгч нь хэд хэдэн удаа солигдсоор хамгийн сүүлд "Капитал" банкны эрх хүлээн авагчийн мэдэлд шилжсэн. Улмаар "Капитал" банкны эрх хүлээн авагч уг үл хөдлөх хөрөнгийг НДЕГ-ын өр төлбөрт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу бид судалгаа хийх явцад хууль бус, ноцтой үйлдлүүдийг илрүүлэв.
Иргэн Тунгалаг нь өөрийн хөрөнгийг банкинд хураалгаснаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол, маргаан гаргаж байгаагүй нь тэрээр зээл авснаа болон хөрөнгөө алдсанаа хүлээн зөвшөөрснийг илтгэдэг. 2011 онд шүүгч Мөнхзул уг хөрөнгөтэй холбоотой бэлэглэлийн гэрээний асуудлаар захирамж гаргасан байдаг. Хамгийн хачирхалтай нь, уг захирамж гарснаас хойш долоон жилийн дараа буюу 2018 онд шүүгч Ичинхорлоо өмнөх захирамжид өөрчлөлт оруулж, байшинг иргэн Тунгалаг болон түүний дүү нарын нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ нь шүүх өөрт олгогдоогүй эрх мэдлийг ашиглаж, байхгүй хөрөнгөөр захирамж гаргасан онц ноцтой үйлдэл юм.
Уг хууль бус захирамжийг үндэслэн холбогдох этгээдүүд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, 2019 оноос хойш уг барилгыг битүүмжлүүлсэн. Үүний улмаас төрийн өмч болох ёстой хөрөнгө найман жилийн турш ашиглалтгүй байж, үнэгүйдэн эвдэрч сүйдлээ. Одоогийн байдлаар уг барилгад хамгийн багадаа хоёр тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ шаардлагатай болоод байна.
Гуравдагч этгээдийн өмчтэй холбоотой маргаан Иргэний хэргийн шүүхээр шийдэгдэх ёстой атал Захиргааны шүүх битүүмжилж, төрд их хэмжээний хохирол учруулж байгааг хэн хариуцах вэ?
Миний бие энэ асуудлаар Улсын Ерөнхий Прокурорын газарт (УЕПГ) гомдол гаргасан. Прокурорын тухай хуулийн дагуу нийтийн өмчийг хамгаалах, нэхэмжлэл гаргах үүрэг прокурорт бий. Миний гомдлын дагуу УЕПГ-аас Нийслэлийн прокурорт үүрэг өгч, Захиргааны хэргийн шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож эхэлсэн. Мөн Авлигатай тэмцэх газарт (АТГ) хандсан боловч шүүгч Мөнхзулын үйлдлийг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх үндэслэлээр хэргийг хаасан байна.
Гэвч гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж, төрд 26 тэрбум төгрөгийн хохирол учрах эрсдэл тулгараад байгаа тул шүүгч Батбаатар, Ичинхорлоо нарын үйлдлийг нарийвчлан шалгах шаардлагатай.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл өнөөдөр шүүх засаглал шударга бус ажиллаж, төрийн хөрөнгийг луйвардах боломжийг олгож байна.
Жирийн иргэн бага хэмжээний хахуулийн хэргээр хатуу ял авч байхад, эрх мэдэлтэй хүмүүс болон шүүгчдийн хууль бус үйлдэл хариуцлагагүй үлдэж байгаа нь байж боломгүй асуудал юм. Хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нийтийн эрх ашиг, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хамгаалахын төлөө бид тууштай тэмцэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.