Хотын шинэ дарга хэн болох вэ?
Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулж, түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг томилоод буй. Үүнтэй зэрэгцээд Хотын дараагийн дарга хэн байх вэ гэх таамаг иргэд, олон нийт, улс төрийнхний дунд ч өрнөж байна.
Нийгэмд өрнөж буй таамгаар Хотын даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, МАН-ын Залуучуудын холбооны дарга Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга асан А.Баяр нарын нэр яригдаж байна.
Ж.Сандагсүрэнгийн тухайд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших тойроггүй үлдсэндээ одоо болтол намын удирдлагууддаа гомдоллож явдаг нэгэн. Тиймдээ ч Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанаас мултрахгүй яваа. Хотын дарга бол гэвэл татгалзахгүй. Д.Сумъяабазарын үед Хотын орлогчоор ажиллаж байсан түүхтэй. Гэхдээ түүнд Хотын даргын ажлыг хийх чансаа бий юу гэдэг тусдаа асуулт гарна.
Харин Б.Пүрэвдагвын хувьд МАН-ын дарга Н.Учралын ойрын хүн гэгддэг. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн менежерээр ажиллахаар тодроод буй хүн. Ерээд оны залуусын төлөөлөл. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн гэгддэг ч 10-аад жилийн өмнө Ерөнхийлөгчийн хүргэн байхаа больж, зам салсан.
Харин НИТХ-ын дарга асан А.Баярын тухайд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг. Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын дарга болох санаархлынхаа хүрээнд А.Баярыг Хотын даргад зүтгүүлж байх магадлалтай. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл дэмжих эсэх нь эргэлзээтэй.
Дээрх гурваас хамгийн магдлал өндөртэй нь Б.Пүрэвдагва. Учир нь Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг торуулаад, МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна. Удирдах зөвлөлөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д оруулж, олонхын саналаар дэмжсэнээр Ерөнхий сайд захирамж гарган албан ёсоор томилдог. Тиймээс Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Н.Учрал Хотын даргад өөрийн ойрын хүнээ томилохыг илүүд үзэх нь ойлгомжтой.
Өмнөх хоёр ч Хотын дарга буюу Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар УИХ-ын гишүүний албанаас "шууд томилгоогоор" Хотын дарга болж байсан түүхтэй. Энэ утгаараа Хотын эрхзүйн байдлыг сайржуулах, төсвөө томруулах, хот бие даасан статустай байх гэх мэт олон өөрчлөлтүүд хийсэн. Гэвч нөгөө талдаа Улаанбаатар хотыг "улс доторх улс шиг болгож, хараа хяналтгүй болгосон" гэх шүүмжлэл, болгоомжлолыг дагуулах болсон.
Тиймээс энэ удаад УИХ-аас бус НИТХ дотроос эсвэл МАН дотроос томилно гэх мэдээлэл бий. Ямартай ч 14 хоногт багтаан Хотын шинэ дарга тодорхой болох ёстой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.