Эбола вирусийн ховор омог тархаж, олон улсын онцгой байдал зарлав

Эбола вирусийн ховор омог тархаж, олон улсын онцгой байдал зарлав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2026 оны 5-р сарын 16-нд Бүгд Найрамдах Ардчилсан Конго (БНАКУ) болон хөрш зэргэлдээ Уганда Улсад Эбола вирусийн ховор, аюултай Бундибугио омгоор үүсгэгдсэн дэгдэлт хурдацтай тархаж буйтай холбогдуулан Олон улсын хэмжээнд нийтийн эрүүл мэндийн онцгой байдал (PHEIC) зарлалаа. Энэхүү омгийн эсрэг батлагдсан вакцин, тусгай эмчилгээ байхгүй нь олон улсын түвшинд ноцтой түгшүүр төрүүлж байна.

Одоогийн дэгдэлтийг үүсгэж буй Бундибугио эболавирус нь өмнө нь ердөө хоёрхон удаа (2007 онд Уганда, 2012 онд БНАКУ-д) бүртгэгдэж байсан юм. Нас баралтын түвшин өндөртэй ховор омог юм.

Илүү түгээмэл тохиолддог Зайр омгоос ялгаатай нь энэ омгийн эсрэг батлагдсан вакцин, эмчилгээ байхгүй тул эмч, эмнэлгийн ажилтнууд зөвхөн шингэн сэлбэх, өвчин намдаах, цусны даралтыг тогтворжуулах зэрэг дэмжих эмчилгээнд тулгуурлан өвчтөнүүдийн амийг аврахаар тэмцэж байна. Боломжит вакцины эмнэлзүйн туршилтыг 2026 оны 5-р сарын сүүлч эсвэл 6-р сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

5-р сарын 18-ны өдрийн байдлаар нас баралтын түвшин 25-50 хувьтай гэж тооцогдож буй уг вирус нь БНАКУ-ын зүүн хэсэгт төвлөрч, Уганда улс руу хальсан байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлснээр БНАКУ-д 11 батлагдсан тохиолдол, 336 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 88 хүн нас баржээ. Харин Уганда Улсад 2 тохиолдол батлагдсанаас нийслэл Кампала хотод нэг хүн нас барсан нь БНАКУ-аас ирсэн зорчигчтой холбоотой болох нь тогтоогдсон байна.

Дэгдэлтийн голомт нь мөргөлдөөн ихтэй Итури муж болоод байгаа бөгөөд 5-р сарын 17-нд томоохон хот болох Гомад батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүний үр дүнд Гома болон Руанда улсын хилийг хаасан нь хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний ажиллагааг ноцтойгоор хүндрүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн 5-р сарын 17-нд Буниа дахь Нянкунде эмнэлэгт өвчтөнүүдийг эмчилж байсан Америкийн эмч, доктор Питер Стаффорд вирусийн халдвар авсан нь батлагджээ. АНУ-ын Төрийн департамент болон CDC доктор Стаффордыг тусгаарлах, эмчлэх зориулалтын байгууламж бүхий Герман улс руу нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан олон улсын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. ДЭМБ-аас БНАКУ руу таван тонн эмнэлгийн хэрэгсэл илгээж, Онцгой байдлын нөөц сангаасаа 500,000 ам.доллар гаргажээ. Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (Africa CDC) хил дамнасан бэлэн байдлыг зохицуулах баг идэвхжүүлсэн бол "Хил хязгааргүй эмч нар" (MSF) болон бусад хүмүүнлэгийн байгууллагууд бүс нутгийн аюулгүй байдлын сорилтуудыг үл харгалзан шуурхай хариу арга хэмжээний багуудыг илгээж, аюулгүй эмчилгээний төвүүдийг байгуулж эхэлжээ.

Эх сурвалж:

ecdc.europa.eu

cdc.gov

msf.org.uk

bmj.com

reliefweb.int

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.