Ногоон зээл нийт зээлийн багцын 5.7 хувийг бүрдүүлж байна

Ногоон зээл нийт зээлийн багцын 5.7 хувийг бүрдүүлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. Уулзалтад Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын удирдлагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр Төв банк 2019 оноос хойш бодлогын түвшинд идэвхтэй ажиллаж ирснийг онцлоод, өнөөдрийн байдлаар ногоон зээл нийт зээлийн багцын 5.7 хувийг бүрдүүлж байгааг танилцууллаа. Цаашид энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дурдав.

fe67703b92ba409fba64242d1409e9f9

Мөн өрхийн эрчим хүчний хэмнэлт, ногоон тээврийг дэмжих чиглэлээр бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, цахилгаан болон устөрөгчийн цэвэр эх үүсвэрт тээврийн хэрэгслийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хугацааг 30 сараас 60 сар хүртэл сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргаад байна. Үүний үр дүнд зээлийн хүртээмж 3.4 дахин нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцож байна.

24da0b16b901496b809afaa3ca6810c7

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мөн мэдээлэл өгч, ногоон санхүүжилтийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгааг онцлов. Тэрбээр эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй төслүүдийн санхүүжилтийг дэмжих хүрээнд цаашид хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэхэд Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

dff6d73f4e034ac08bdb8b1d46367bbf

Хувийн хэвшлийн төлөөллүүд ногоон зээлийн нөхцөлийг илүү уян хатан болгож, хөрөнгө оруулалтын зориулалттай бүтээгдэхүүний хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон бол арилжааны банкнуудын төлөөлөл цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц, ялангуяа орон нутаг болон алслагдсан бүс дэх цэнэглэх станцын хүртээмж хангалтгүй байгаа талаар санал шүүмж өрнүүллээ. Мөн цаашид хэрэглээ өргөжихийн хэрээр эрчим хүчний системд ачаалал үүсэх эрсдэл байгааг тэмдэглэж, энэ чиглэлд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоотой бодлогын дэмжлэг шаардлагатайг онцоллоо.     

b3bb333df0d44dbf80fd3594e01372a9

bf555421a10f46e8950970c76cc9e1b6

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.