Соёлын гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа тэнгэрийн орныг зорилоо
Монголын кино урлагийн алтан үеийн сор болсон бүтээлүүдийг бүтээсэн нэрт найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа таалал төгсч монголын ард түмний дунд нөхөж баршгүй гарз учирлаа.
Тэрээр 1980-аад оноос эхлэн хурц содон бүтээлүүдээрээ олны анхаарлыг татсан театрын алдартай найруулагч байсан бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-д гэр бүлээрээ амьдарч байсан юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн, Кино найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа Хөвсгөл аймгийн Түнэл суманд , Мижидийн Янжинсүрэн нарын 8 хүүхдийн ууган хүү болж мэндэлжээ.
И.Нямгаваа 1965 онд дунд сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд 15 настай байхдаа Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын театрт тоглож эхэлсэн бөгөөд 1965-1969 онд Ромео Жульеттагийн Меркутиогийн дүр зэрэг 10 гаруй жүжигт тогложээ.
И.Нямгаваа 1969 онд БНМАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ЗХУ-ын Москва хотын Оросын Театр урлагийн дээд сургууль-ГИТИС-д найруулагчийн мэргэжлээр суралцсан. Тэрбээр Оросын нэрт театрын найруулагч, зохиолч Андрей Гончаровын урланд суралцсан бөгөөд 1974 онд сургуулиа төгсөөд эх орондоо иржээ.
1974 оноос Дарханы Театрт ажилласан ба 1985 онд Улаанбаатар хотод эргэж ирээд Хүүхэд залуучуудын театрын уран сайхны захирал болж байжээ.
Түүний зарим алдартай уран бүтээлүүдээс дурдвал:
Гарын таван хуруу (1983), Нандин эрдэнэ (1986), Үлгэр дууссан хойно (1987), Шүтээн (1992), Цахилж яваа гөрөөс (1993), Газар шороо мину зэ (1997) зэрэг кино найруулсан. Догшин хутагтын сахиус (1998) кино нь Токио, Фүкүокагийн кино наадамд тэргүүн шагнал хүртэж (1998) байжээ.
Монголын театр киноны нэрт найруулагч тэрээр Москва хотын Театрын урлагийн дээд сургууль төгссөн. Таагүрийн Нүдэн золио, В.Пановын Гэнэн залуу нас, Д.Фонвизины Маанаг гайхал, Л.Ванганы Жирийн хүмүүс, Эмч нар зэрэг олон жүжиг найруулсан.
Ичинхорлоогийн Нямгаваа нь Монголын кино урлагийн салбарт тодоор бичигдэн үлдэх эрхмүүдийн нэг билээ.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.