АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ удаагийн айлчлалаар хятатад ирээгүй

АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ удаагийн айлчлалаар хятатад ирээгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гарагт БНХАУ-д хийх гурван өдрийн төрийн айлчлал үргэлжилж байна. Энэ удаагийн айлчлалд тэргүүн хатагтай Меланиа Трамп оролцоогүй бөгөөд Ерөнхийлөгчийг Засгийн газрын гишүүд болон бизнесийн төлөөлөгчдөөс бүрдсэн томоохон бүрэлдэхүүн дагалдан явж байна.

Харин хоёр орны тэргүүн хатагтай нарын хамт явж буй зураг цахим хуудаснаа тарж байгаа нь 2017 оны айлчлалын үеийн аж.

Энэ удаагийн айлчлал эхлэхээс хэдхэн цагийн өмнө тэргүүн хатагтайн ажлын албанаас "South China Morning Post" сонинд ирүүлсэн мэдээлэлдээ "Тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ удаад хамт яваагүй" болохыг албан ёсоор баталжээ. Энэхүү баталгаа нь Меланиагийн тухай баримтат киноны найруулагч Бретт Ратнер Трампын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Хятад руу явж байгаа тухай мэдээлэл гарсны маргааш нь иржээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гол төлөөлөгчид:

  • Ерөнхийлөгчийн хүү Эрик Трамп болон түүний эхнэр Лара Трамп
  • Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио
  • Батлан хамгаалахын сайд Пит Хегсет
  • АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир
  • Цагаан ордны Тамгын газрын орлогч дарга Стивен Миллер

Хятад-Америк судлалын хүрээлэнгийн ахлах ажилтан Соураб Гуптагийн үзэж байгаагаар, Меланиа Трамп байхгүй байгаа нь энэ удаагийн айлчлал илүү "даруухан" бөгөөд ажил хэргийн шинж чанартай болохыг илтгэж байна. Тэрээр "Энэ бол төрийн айлчлал хэдий ч Хятадын нутаг дэвсгэрт байх хугацаа богино тул ердийн ажил хэргийн айлчлал байх болно" гэж тайлбарлажээ.

2017 оны 11-р сард болсон өмнөх айлчлалын үеэр Меланиа Трамп Ерөнхийлөгчийн хамт Бээжинд очиж, Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюаньтай хамт бага сургуулиар зочилж, Бээжингийн дуурь үзэж, Цагаан хэрэм болон Бээжингийн амьтны хүрээлэнгээр зочлон панда хооллож байсан нь Хятадын олон нийтийн сүлжээнд ихээхэн анхаарал татаж байсан юм.

Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пэнюй тэргүүн хатагтайн эзгүйд шууд тайлбар өгөөгүй ч "Хятад, АНУ-ын талууд Ерөнхийлөгч Трампын айлчлалын тодорхой зохицуулалтын талаар харилцаа холбоотой ажиллаж байна" гэж мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, ирэх есдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д айлчлах үеэр хоёр орны тэргүүн хатагтай нар уулзах магадлалтай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.