Өмгөөлөгч: Сэтгүүлч Л.Баяржаргалын биеийн байдал нэлээд хүнд байна!
Neguun.mn сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг цагдан хорьж, уламаар цагдаагийн хорилны хугацааг 2 сар болгон үргэлжлүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор Neguun.mn сайтын ажилчид Эрүүгийн цагдаагийн албаны гадна "чимээгүй" эсэргүүцэл илрэхийлж, акц хийсэн. Мөн өмгөөлөгч байр сууриа илэрхийллээ.
Өмгөөлөгч:
-Сэтгүүлч Л.Баяржаргалд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээг сунгах шүүх хуралдаан болсон. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь заалтуудыг үндэслэн, мөрдөгч болон прокурорт нөлөөлөх, нотлох баримтыг устгах, зөөвөрлөх эрсдэлтэй гэж үзэн цагдан хорих хугацааг сунгах санал оруулсан байна.
Өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийн нөхцөл байдалд үйлчлүүлэгчийг маань заавал цагдан хорих шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн зарчмыг баримтлан, цагдан хорихын оронд хуулийн 14.4 болон 14.5-д заасан тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлах, Улаанбаатар хотоос гарахгүй байх, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох зэрэг хязгаарлалт тогтоох саналыг гаргасан.
Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямарваа нэгэн саад учруулахгүйгээр оролцох боломжтойг илэрхийлсэн боловч шүүх энэхүү саналыг хүлээн авсангүй. Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал нэлээд хүнд байна.
Тэрээр зүрхний ховдлын төрөлхийн гажигтай бөгөөд нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байдаг. Мөн цөсний чулуутай тул яаралтай мэс засал хийлгэх шаардлагатайгаас гадна бөөрний архаг үрэвсэлтэй болох нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа 461 болон 401 дүгээр ангийн эмч нарын хамтарсан үзлэгээр тогтоогдсон. Зүрхний өвчин нь гэнэтийн амь насны эрсдэл дагуулдаг тул бид маргааш ШШГЕГ-ын харьяа эмнэлгийн байгууллагад албан ёсоор хүсэлт гаргахаар төлөвлөж байна.
Үйлчлүүлэгчийг маань байнгын хяналтад байдаг эмнэлэгт нь шилжүүлэх эсвэл гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай байгааг бид уламжлах болно.
Мөрдөгчид нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд, цагдаагийн байгууллагатай холбоотой цахим орчин дахь постуудыг дурдсан байдаг. Бид ерөнхий шүүгчид гомдол гаргахдаа эдгээр постуудыг бүрэн устгаж, нөлөөлөх үндэслэл арилсан болохыг тайлбарласан боловч шүүх бүрэлдэхүүн үүнийг харгалзан үзэлгүй, цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.