З.Мэндсайхан: НӨАТ-ын 5 хувийн нэмэгдэл бага орлоготой иргэд дээр яг очихгүй учраас энэ хуулийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн

Төсвийн хүрээний мэдэгдлийг дагалдуулж НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувиар нэмэх хуулийг цуцлах хуулийг өргөн барьсан. Учир нь энэ хууль зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй гэж Засгийн газраас үзжээ. 

Сангийн сайд З.Мэндсайхан: 

-Засгийн газраас эдийн засгийн гадаад шок, тодорхойгүй байдлын үед ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Энэ хүрээнд татварын бодлогоор дамжуулан иргэдийн бодит орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамтыг бууруулахад анхаарч байгаа юм.

НӨАТ-ын буцаан олголтыг шатлалтайгаар нэмэгдүүлэх асуудал хөндөгдөж байгаа ч энэ нь төсөвт 1.6 их наяд төгрөгийн ачаалал болно. Мөн энэ хууль зорилтот бүлэг буюу бага орлоготой иргэдэд төдийлөн дэмжлэг болж чадахгүй. Яагаад гэвэл бага орлоготой иргэдийн гол хэрэглээ болох хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг тул тэдэнд очих буцаан олголт бага байдаг.

Харин өндөр орлоготой иргэдийн худалдан авалт их байх тусам буцаан олголт нь нэмэгдэхээр байгаа нь татварын бодлогын зорилгод нийцэхгүй байгаа юм. Тиймээс Засгийн газраас хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ орлогыг шууд дэмжих бодлогыг барьж байна.

Өөрөөр хэлбэл, 792 мянга хүртэлх цалинтай иргэдийг ХХОАТ-аас чөлөөлснөөр иргэдийн гар дээр жилд дунджаар 950 мянга орчим төгрөг татварын дараах орлого болон үлдэх боломж бүрдэж байгаа юм.Энэ нь иргэдийн амьжиргаанд илүү бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хялбаршуулсан татварын горимд хамрагдах борлуулалтын орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон өсгөсөн. Ингэснээр аж ахуйн нэгжүүд татварын дарамт багатайгаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.