Төрийн өмчийн газар/ХГХХЕГ/ дээр түрээс төлөхгүй хувийн автомашин угаалгын газрыг 11 жил ажиллуулж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эзэмшлийн талбайд хувийн авто угаалгын газар үйл ажиллагаа явуулж байгаа асуудал олны анхаарлыг татаж, маргаан дагуулаад байна.

Тус газар нь төрийн өмчид хамаарах байршил хэдий ч ямар нэгэн түрээсийн төлбөргүй ашиглагдаж ирсэн төдийгүй, авто угаалгын газрын усны төлбөрийг тухайн төрийн байгууллагаас төлж байсан баримтууд ил болжээ. Харин үйл ажиллагаа явуулж буй иргэн өөрийгөө Монголын Залуучуудын Холбооны (МЗХ) зөвшөөрөлтэй, түрээсийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа хэмээн тайлбарлаж байна.

Манай сурвалжлах баг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ерөнхий газар дээр очиход тухайн иргэн тус талбайд 11 жилийн турш авто угаалгын газар ажиллуулж байгаагаа хэллээ.

Тэрээр 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд удирдлагууд солигдох бүрд асуудал үүсдэг байсныг дурдсан юм. Одоогийн байдлаар "нэр бүхий"  компанитай гэрээ байгуулан, сар бүр 1.8 сая төгрөгийн түрээсийг МЗХ-ны данс руу шилжүүлдэг гэж мэдэгдэв.

 "Би эхнэртэйгээ хамт өөрийн хөдөлмөрөөр энэ газрыг засаж тохижуулан ажиллаж байна. Гэтэл гэнэт 10 сард багтаж гар гэсэн шаардлага тавьсан тул өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалахаар болсон" .

Нөгөө талд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ерөнхий газрын зүгээс уг асуудалд огт өөр байр суурьтай байна.

Төрийн өмчийн байрны арк хэсгийг битүүлж, хувийн бизнес эрхэлснээс болж тус байгууллагын архив чийгтэж, мөөгөнцөртөн, эд хөрөнгөд ихээхэн хохирол учирчээ. Мөн авто угаалгын газрын усны зардлыг төрөөс төлж ирсэн нь аудитын шалгалтаар илэрсэн байна.

Байгууллагын удирдлагуудын зүгээс МЗХ-ны удирдлагуудтай удаа дараа уулзаж, гэрээг цуцлах, талбайг чөлөөлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа аж.

Түүнчлэн авто угаалгын газраар үйлчлүүлж буй автомашинуудын дараалал нь төрийн байгууллагын ажилчдын орох, гарах хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл үүсгэх болжээ.

 Шаардлага тавьсан ажилчдыг доромжлох, заналхийлэх тохиолдол ч гарч байгааг албаны хүмүүс хэлж байна.

Төрийн өмчийн байрыг Төрийн бус байгууллага (ТББ) дур мэдэн түрээсэлж, ашиг олж байгаа энэхүү хууль бус байж болзошгүй үйлдлийг одоогоор холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.