Ч.Лодойсамбуу: Тойрогтоо очиж заавал тууз хайчлах гэдэг хүслээс чинь болж Монгол Улс хохироод дууслаа

Төсвийн хүрээний мэдэгдэл, түүний дагалдах хуулиудыг байнгын хороодоор хэлэлцүүлж байна. Энэ удаагийн төслөөс 11 их наядыг зөвхөн барилга барихад зарцуулж байгааг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу шүүмжиллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Ерөнхий сайд болон Сангийн сайд нар хэн байхаас үл хамааран төсвийн бодлого иргэдийн амьдралд наалдахгүй байгаа нь харамсалтай. Саяхан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, буцаан олголтыг 1.5 сая төгрөг хүртэлх худалдан авалтад 100 хувь, түүнээс дээш дүнгээр шатлалтай олгохоор ярьж байсан. Гэвч энэ хуулиа цуцалж байгаа нь багахан орлогоо нэмэгдүүлэх гэж хичээж буй иргэд болон бизнес эрхлэгчдийн боломжийг шууд хааж буй хэрэг юм. Үүнийгээ төсвийн орлого 1.8 их наядаар тасарна гэж тайлбарладаг ч зарлагаа танах тухай ярихаар багш, эмч нарын цалин, тэтгэврээр "барьцаалан" өөдөөс тайлбар хийдэг нь хэвшил боллоо.

2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт маш зузаан байна. Нийт 11 их наяд төгрөгийн төсөл бичигдсэнээс зөвхөн барилга барихад 3 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Соёл урлагийн байгууламж, "Их Хуралдай"-н нэмэлт санхүүжилт, бизнес инкубатор төв гэх мэт олон барилга жагсаалтад байна. Жирийн айл өрх орлого нь тасалдахад тансаг хэрэглээ, зугаалгаа зогсоож, хүүхдийнхээ хоол хүнсийг нэгдүгээрт тавьдаг. Гэтэл төр засаг маань иргэдээ мөнгөгүй, орлогогүй байхад барилга барьж, тууз хайчлахыг урьтал болгож байгаа нь логикгүй сонголт юм.

Урсгал зардал нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь инфляц болон төгрөгийн ханшийн сулрал. Сангийн яам болон Монголбанк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн иргэдийн цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна.

Иргэд зүгээр суугаад цалин нэмүүлэх гээд байгаа юм биш, бодит байдал дээр амьжиргаа нь туйлдаж байна. Гэтэл үүнийг хэлсэн хүмүүсийг "попролоо" гэж шүүмжлэх нь утгагүй.

Өнөөдөр иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч, хүнсний дэлгүүр, хоолны газруудын борлуулалт эрс муудсан нь нууц биш.

Төр засаг гэдэг байшин барилга барихын тулд бус, иргэдийнхээ амьжиргааг тогтвортой байлгаж, аюулгүй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд оршдог. Гэтэл иргэдийнхээ амьдралыг дэмжье гэхээр "тэтгэвэр, цалинг чинь хасна шүү" гэж айлгадаг байж болохгүй.

Сангийн яамныхан үүнийг мэдэж байгаа ч УИХ-ын гишүүдийн тойрогтоо тууз хайчлах гэсэн шахалтаар баахан барилга, байгууламжийн жагсаалт оруулж ирж байна.

УИХ-ын гишүүд ээ, одоо юу ч хамаагүй барьж, тууз хайчлан пи-ар хийдэг цаг өнгөрсөн. Иргэд чинь идэх хоолгүй, өр зээлэндээ баригдаж байхад усан бассейн, соёлын төв бариад зогсож байвал хэн ч таныг дэмжихгүй.

2026 оны төсөвтөө тодотгол хийж, газарт булах гэж буй тэр 3 их наяд төгрөгийг хэмнэн, иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Төрийг байлгахын тулд иргэд ажилладаг биш, иргэдийнхээ төлөө төр ажилладаг тогтолцоо руу шилжих цаг болсон. Төсвийн ажилтнууд ч гишүүдийн шахаасаар үр ашиггүй төсөл бичиж суухаас залхаж байна. Бид нэг л улс, нэг л гэр бүл гэдгээ ухамсарлаж, энэ хүнд үед байшин барихаа түр азнаж, хүнээ бодсон шийдвэр гаргахыг уриалж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.