Б.Мөнхтогоо: Миний хүүг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нугас, судсаар унтуулга хийснээс зүрх зогсож тархины эд эс үхэжсэн
Би Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн иргэн Мөнхтогоо байна. Миний бага хүү Эрхэмбаяр 2019 онд нэгдүгээр ангид элсэн суралцаж байхдаа буюу долоон настайдаа эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарсан юм. Хүү минь "А" үсэглэлийн баяраа тэмдэглэсний маргааш нь толгой, гэдэс нь өвдөөд байна гэж хэлсний дагуу сумын эмчид үзүүлэхэд "хоолойны ангина, ханиад хүрсэн байна" гэсэн онош тавьсан.
Гэвч маргааш өглөө нь биеийн байдал нь дээрдэхгүй байсан тул дахин үзүүлэхэд олгой байж магадгүй гээд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү яаралтай очихыг зөвлөсөн юм. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт очиход Бат-Очир эмч үзээд "Олгойн шинж тэмдэг алга байна, хүүхдийн эмчээс зөвлөгөө ав" гэж явуулсан. Хүүхдийн эмч Ганболд үзээд "Хэвлийн үрэвсэл байна, манайд хамааралгүй" гээд буцаагаад мэс заслын тасаг руу явуулсан.
Ингээд мэс заслын тасагт эргэж ирэхэд эмч нарын ээлж солигдож, Эрхчулуун эмч таарсан бөгөөд тэрээр цусны шинжилгээ болон ЭХО-д харалгүйгээр "Олгой байх магадлалтай" гэж шууд хагалгаанд оруулсан. Хагалгааны явцад мэдээгүйжүүлэгч эмч явсаар мэдээгүйжүүлэг хийсэн боловч хүүхэд өвдөлтөө мэдрээд байсан тул судсаар дахин нэмэлт тун тарьсан байна. Үүнээс болж хүүхэд ухаан алдаж, зүрх нь зогссоноор тархины эд эс нь ноцтой гэмтсэн.
Хүү минь аймгийн эмнэлэгт 11 хоног ухаангүй хэвтсэн бөгөөд бид арга буюу Говь-Алтай аймгаас ирж байсан онгоцыг хувиараа гуйж, Улаанбаатар хот руу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн. Тэнд очоод 14 хоногийн дараа л хүү минь арай гэж ухаан орсон юм. Ухаан орсон цагаасаа хойш хүүгийн минь бүх бие нь байнгын чангаралтай, хөшингө байдалтай болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл долоон жилийн турш бид сайн гэсэн болгонд хандаж, олон эмнэлэг, сувилал, эмч нарын хаалга татан хүүгээ хөл дээр нь босгохын төлөө зүтгэж явна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.