Өмнөговь 500 тэрбумын бонд босгож, 50МВт-ын шинэ цахилгаан станц барина

Өмнөговь аймаг анх удаа орон нутгийн бонд гаргаж, Даланзадгад хотод 50МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар болжээ.

Засгийн газар найман сарын өмнө тус аймагт бонд гаргах эрх олгосон бөгөөд нийт 500 тэрбум төгрөгийг гурван жилийн хугацаанд үе шаттай босгох аж.

Тодруулбал: 2026 онд 150 тэрбум, 2027 онд 300 тэрбум, 2028 онд 50 тэрбум төгрөгийн бонд босгохоор төлөвлөсөн байна. Бонд нь жилийн 16 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байх бөгөөд УИХ, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон аймгийн ИТХ-аас шаардлагатай зөвшөөрлүүдээ бүрэн авчээ.

Даланзадгадын одоогийн дулааны цахилгаан станц 2000 онд ашиглалтад орсон бөгөөд тухайн үед 14 мянган хүн амын хэрэгцээнд зориулан баригдсан байна. Харин өнөөдөр хүн ам, уул уурхайн үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэглээ эрс өссөн ч станцын хүчин чадал хэвээр байгаа бөгөөд ашиглалтын 25 жилийн хугацаа нь дуусаад таван жил өнгөрчээ.

 Шинээр барих станц нь 50МВт хүчин чадалтай, дулаан болон цахилгааныг хослон үйлдвэрлэх юм байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг орон нутгийн хөрөнгөөр боловсруулжээ. Аймгийн удирдлагуудын үзэж буйгаар шинэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай байдал сайжирч, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын зэрэгцээ орон нутгийн орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

Бид өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр Өмнөговь аймгийн бондын цан цохих ёслолын үеэр УИХ-ын гишүүн Наранбаатартай уулзаж ярилцлаа.

Өнөөдөр Өмнөговьчуудын хувьд төдийгүй Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд онцлох өдөр тохиож байна.

Учир нь анх удаа орон нутгийн бонд Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдаж эхэллээ. Энэхүү бонд нь хөрөнгө оруулагчдад найдвартай, баталгаатай бөгөөд өгөөж өндөртэй, томоохон хөрөнгө оруулалтын боломжийг олгож байгаа юм.

Бид нийт 500 тэрбум төгрөгийн бондыг үе шаттайгаар зах зээлд гаргахаар төлөвлөсөн. Үүнээс энэ жил 150 тэрбум, ирэх жил 300 тэрбум, гурав дахь жилдээ 50 тэрбум төгрөгийн арилжааг тус тус хийнэ.

Одоо гаргаж буй 150 тэрбум төгрөгийн бонд нь хоёр жилийн хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөрийг жилд хоёр удаа тооцож олгох нөхцөлтэй.

 Аймгийн иргэд маань бондын арилжаанд туйлын идэвхтэй оролцож байна. Банкны хадгаламжийн хүүтэй харьцуулахад Өмнөговийн бонд нь харьцангуй өндөр өгөөжтэй тул иргэд өөрийн болон хүүхдийнхээ нэр дээрх хадгаламжийг энэхүү ашигтай хөрөнгө оруулалт руу чиглүүлэх нь илүү өгөөжтэй юм.

 Одоогоор бондын захиалга амжилттай үргэлжилж, дүүрэх шатандаа ороод байна. Ирэх жил бид үргэлжлүүлэн 300 тэрбум төгрөгийн бондыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.