Тендерийн шалгуур хангаагүй компанид 6.5 тэрбум төгрөг олгосон байж болзошгүй хэрэг илэрчээ
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын шинжтэй олон хэргийг шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Зөвхөн 2026 оны тавдугаар сарын 4-10-ны хооронд гэхэд АТГ-т ирсэн 107 гомдол, мэдээллийг шалгаснаас: 15-т нь хэрэг бүртгэл нээж, 84 хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бол нийт 982 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргүүд дунд: албан тушаалаа ашиглан газар, мөнгөний хахууль авсан, өөртөө 20 сая төгрөгийн цалин илүү бодож олгосон, хандивын мөнгийг хувьдаа шилжүүлсэн, ажилтанд олгосон цалинг буцаан өөртөө авсан, согтуу жолоочид арга хэмжээ авахгүй өнгөрөөсөн, тендерийн хууль зөрчиж бусдад давуу байдал олгосон зэрэг ноцтой үйлдлүүд багтжээ.
Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан “Э.Г” нь барилгын тендерийн шаардлага хангаагүй компанид: барилгын талбайг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, шаардлагатай баримт бүрдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгагджээ.
АТГ-аас уг үйлдлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. “Жижиг” мэт боловч нийтийн итгэлд нөлөөлдөг хэргүүд АТГ-ын мэдээллээс харахад авлигын асуудал зөвхөн олон тэрбумын тендерээр хязгаарлагдахгүй байна.
Өөртөө илүү цалин бодох, хандивын мөнгө хувьдаа авах, танил талдаа давуу байдал олгох зэрэг “жижиг” мэт үйлдлүүд төрийн байгууллагад иргэдийн итгэх итгэлийг хамгийн ихээр унагаж байгааг хууль хяналтынхан онцолж байна.
Өнгөрсөн долоо хоногт АТГ: 4 объектод нэгжлэг хийж, 1 хүнийг баривчилж, 7 хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Эх сурвалж:АТГ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.