УИХ-ын ХМОНХГ-ын дарга М.Амарбаяр: Энэ парламентаас УИХ-ын нэг ч гишүүн нэг ч төгрөгийн орон сууцны урамшуулал аваагүй
Сүүлийн өдрүүдэд зарим цахим сайт, сошиал сүлжээгээр “Улсын Их Хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл тархаад байгаа юм.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын Тамгын газраас мэдэгдэл гаргаж, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга М.Амарбаяр сэтгүүчдийн асуултад хариулжээ.
Уг мэдэгдэлд,
-Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.
Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна.
Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно, гэжээ.
УИХ-ын Хэвлэл, олон нийттийн харилцах газрын дарга М.Амарбаярын тайлбарласнаар энэ парламентаас орон сууцны дэмжлэг авсан нэг ч гишүүн байхгүй. Харин өмнөх парламентуудад тийм жишиг байсан юм билээ, гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.