Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр 05-р сарын 09-нд тангараг өргөв

Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр 05-р сарын 09-нд тангараг өргөв

Унгар Улсад улс төрийн томоохон өөрчлөлт гарч, 16 жил үргэлжилсэн үндсэрхэг үзэлт Ерөнхий сайд Виктор Орбаны засаглал эцэс болж, 2026 оны 4-р сарын 12-ны өдрийн парламентын сонгуульд Петер Мадьярын тэргүүлсэн "Тиса" нам үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэгвэл  Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр 5-р сарын 9-ний өдөрын тангараг өргөлөө. Энэхүү үйл явдлыг тэрээр "дэглэмийн өөрчлөлт" хэмээн нэрлэж, улс орныхоо түүхэнд шинэ хуудас нээж байгаагаа онцоллоо.

Шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр албан тушаалдаа орсон эхний өдрүүдээс эхлэн Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон нь өмнөх удирдлагын бодлогоос эрс өөрчлөгдөж буйг илтгэв. Хамгийн гол зорилт нь Европын Холбоотой муудсан харилцааг сэргээх явдал юм. Үүний бэлгэдэл болгож, Орбаны засгийн газрын 2014 онд буулгасан Европын Холбооны далбааг 2026 оны 5-р сарын 9-ний өдөр Унгарын парламентын ордны өмнө дахин мандууллаа.

Өмнөх засгийн газрын үед хууль дээдлэх ёс, авлигын асуудлаас болж царцаагаад байсан Европын Холбооны 17-20 тэрбум еврогийн санхүүжилтийг чөлөөлөх нь шинэ засаг захиргааны нэн тэргүүний зорилт болоод байна. Мадьяр Орбаны үед суларсан ардчилсан институци, хяналт-тэнцлийн тогтолцоог сэргээнэ гэдгээ амлажээ.

Түүнчлэн, авлигатай тэмцэхийн тулд "Үндэсний хөрөнгийг хамгаалах, буцаан олгуулах алба" байгуулж, Орбаны үед шамшигдуулсан гэх төсвийн хөрөнгийг мөрдөн шалгах, эргүүлэн татах үүрэг хүлээлгэхээр төлөвлөж байна.

Эдийн засгийн хувьд шинэ засгийн газар амаргүй сорилттой тулгарч байна. Унгарын эдийн засаг зогсонги байдалд орсон бөгөөд 2026 оны төсвийн томоохон алдагдал зэрэг бэрхшээлүүд хэвээр байна. Гэсэн хэдий ч зарим шинжээчид хэрэглээ, экспортын сэргэлтээс шалтгаалан эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж таамаглаж байна. "Тиса" нам сонгуулийн өмнө гэр бүлийн тэтгэмж, тэтгэврийг нэмэгдүүлэх, ялангуяа бага орлоготой өрхүүдийг дэмжих амлалт өгч байсан юм.

Улс төрийн энэхүү өөрчлөлт нь Унгарыг дотооддоо ардчиллыг бэхжүүлж, гадаад бодлогодоо Европын Холбоотой нягт хамтран ажиллах шинэ замд оруулж байна.

Орбаны засгийн газрын үед Унгарт орогнож байсан Польшийн Хууль зүйн сайд асан Збигнев Зиобро АНУ руу дүрвэсэн тухай мэдээлэл гарсан бөгөөд Ерөнхий сайд Мадьяр "Унгар улс олон улсад эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн хоргодох газар байхаа болино" гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж:

dailynewshungary.com

cbsnews.com

taipeitimes.com

economictimes.indiatimes.com

courthousenews.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.