“Хөх Азийн цээжин дээрх” Монголоороо гоёхоор тэнгэрийн орныг тэр зорьжээ

“Хөх Азийн цээжин дээрх” Монголоороо гоёхоор тэнгэрийн орныг тэр зорьжээ

Монголын утга зохиол, яруу найраг, жүжгийн урлагт өөрийн өнгө, өөрийн аялгуу, өөрийн уяхан гунигийг үлдээсэн Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар бол Монгол ахуйг шүлэг болгон амилуулсан зохиолч байлаа.

Тэрээр 1955 онд Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт төрж, Алтанширээгийн салхи, тал нутгийн үнэр, морин туурайн тоос дунд өссөн нь хожмын бүтээлүүдэд нь амь болон шингэсэн байдаг. “Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог” хэмээн бичсэн тэр найрагч үнэндээ бүх амьдралаараа Монголоороо гоёсон хүн байв.

Тавдугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн хүү хожим: 60 гаруй жүжиг, 400 орчим дууны шүлэг, олон найраглал, роман, яруу найргийн бүтээл туурвиж, Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн том орон зайг бүтээжээ.

Түүний “Ижий танаа” шүлгийг уншаад ээжийгээ санаагүй хүн ховор. “Дугуй хээтэй наадам”-ыг сонсоод монгол наадмаа санагалзаагүй хүн цөөн. “Би Монголоороо гоёдог”-ийг сонсоод эх орноороо бахархаагүй монгол хүн бараг үгүй.

Ш.Гүрбазарын бүтээлүүд Монголын тал нутгаар амьсгалж, айраг ханхалж, морин төвөргөөн сонсогдож, ижий хүний үнэр шингэсэн байдаг байлаа.

Тэр өөрөө нэгэнтээ: “Хүн ер нь үнэндээ Ижийгээ санахын цагт бол мөнхий нялхаараа” хэмээн бичсэн байдаг.

Харин өнөөдөр Монголын утга зохиол өөрөө түүнийг санан нялхарч байна.

Бие давхар эхнэрээ дагуулаад “Зохиолч болно” хэмээн хотод ирсэн залуу хожим Монголын ард түмний сэтгэлд мөнх үлдэх найрагч болсон юм.

Тэр Монголынхоо тухай дуулж, ижийнхээ тухай шүлэглэж, наадмынхаа тоосон дунд амьдарч, морин туурайн хээгээр эх орноо зурсан хүн байлаа.

Одоо тэр “Хөх Азийн цээжин дээрх” Монголоороо гоёхоор тэнгэрийн орныг зорьжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.