Иргэд: Хурдны замаас илүү шийдэх шаардлагатай асуудал Улаанбаатар хотод их байна
Туулын хурдны зам төслийг Монгол Улсын засгийн газраас зогсоосон талаар иргэдээс тодрууллаа.
Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, үйл ажиллагааг нь түр зогсоосон гэж ойлгож байгаа. Гэхдээ миний хувьд энэ төслийг зөвхөн түр зогсоох биш, бүрмөсөн цуцлах ёстой гэсэн байр суурьтай байна. Учир нь уг зам Маршалын гүүр болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт байрлах ундны усны эх үүсвэр, худгуудын дээгүүр дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн нь маш эрсдэлтэй юм.
Олон эрдэмтэн, судлаачид энэ төслийг эсэргүүцэж байгаа боловч төслийг хэрэгжүүлэгч талын дагуулж яваа мэргэжилтнүүд гүний усанд нөлөөлөхгүй хэмээн иргэдийн тархийг угааж байна гэж харж байна. Усжуулалтын чиглэлийн мэргэжилтэн гүний усны нарийн тогтоц, экологийн нөлөөллийг бүрэн тодорхойлж чадахгүй. Туул гол бол монголчууд бидний амьд оршихуйн ундарга учраас энэ асуудлыг хэлэлцэж байгаа дээрээ бүрмөсөн зогсоох шийдвэр гаргах нь зүйтэй. Эдийн засгийн үр ашгийн хувьд ч энэ төсөл туйлын эргэлзээтэй.
Ердөө 32 км замыг 2.8 их наяд төгрөгөөр барина гэдэг нь асар их төсөв бөгөөд үр ашиггүй зардал юм. Нийслэлд үүнээс илүү тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Тухайлбал, хотын босоо тэнхлэгийн замуудыг нэмэгдүүлэх нь хурдны замаас илүү ач холбогдолтой. Ийм их хөрөнгийг иргэдийн амьдралд хэрэгтэй, зөв зүйлд зарцуулахын оронд өөр зорилгоор ашиглах гэж байна уу гэх хардлага төрж байна.
Байгаль эхийг байгаагаар нь хадгалж үлдэх нь хамгийн чухал. Голын ай сав, ой модыг сүйтгэж, байгалийн унаган төрхийг алдагдуулах нь ирээдүйд усны хомсдолд хүргэх аюултай. Усгүй болбол бид яах билээ? Тиймээс байгалийн чухал нөөц болох Туул гол дээрээ ийм төсөл хэрэгжүүлэх нь анхнаасаа буруу алхам юм. Энэ ажлыг бүрмөсөн зогсоох нь нийтийн эрх ашигт нийцсэн хамгийн зөв шийдвэр болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.