Дүүжин тээврийн үнийг 3000 төгрөг болговол 2030 оноос ашигтай ажиллана
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо өчигдөр хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцжээ.
Дүүжин замын тээврийг нийслэлд нэвтрүүлэх төсөл хэрэгжсэнээр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг богиносгох, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дүүжин замын тээврийг олон улсын стандартын дагуу зохион байгуулна. Нийт 57 ажилтантайгаар, 3 ээлжийн горимоор тасралтгүй ажиллуулах юм байна.
Өдөр зорчигч тээвэрлэж, шөнийн цагаар засвар үйлчилгээ, техникийн хяналтыг хэрэгжүүлнэ. Системийн дээд хүчин чадал нь цагт 2320 зорчигч тээвэрлэх боломжтой. Өдөрт 37 мянга гаруй, жилд 13.5 сая хүртэл зорчигч үйлчлүүлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ.
Тарифыг 3000 төгрөгөөр тооцвол, 2030 оноос ашигтай ажиллах санхүү, эдийн засгийн тооцоог гаргажээ. Мөн дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болох бөгөөд одоогийн авто замын нөхцөлд 30 минутаас 2.5 цаг хүртэл зарцуулдаг хугацааг бууруулах юм.
Сонсголонгийн гүүр, Яармаг болон Ажилчны гудамж орчмын замын ачааллыг тодорхой хувиар бууруулах, өдөрт 98 мянга гаруй иргэн шинэ төрлийн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.