Г.Дамдинням: 5-р сард дизель түлш хамгийн багадаа 6250 хүрэх байсан бол одоо байгаа 4350 дээр үнээ барьж чадлаа

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОХУ-д ажилласан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онлайнаар холбогдож мэдээлэл өгчээ. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:

-Манай ажлын хэсэг ОХУ-ын Эрчим хүчний сайд, Байгалийн нөөцийн сайд бөгөөд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, мөн "Роснефть" болон "Газпром нефть" компанийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах талаар ярилцаж, зарчмын тохиролцоонд хүрлээ.

Хэрэв арга хэмжээ аваагүй бол ирэх тавдугаар сард дизель түлшний үнэ нэг литр нь 6,250-аас 6,700 төгрөгт хүрч, нөхцөл байдал нэн хүндрэхээр байв. Гэвч Ерөнхий сайдын албан захидал болон манай Засгийн газраас тавьсан хүсэлтийг ОХУ-ын тал хүлээн авч, шатахууныг тус улсын дотоод зах зээлийн үнэд суурилсан нөхцөлөөр нийлүүлэхээр боллоо.

Ингэснээр тавдугаар сард дизель түлшний үнэ өсөхгүй, одоогийн түвшиндээ тогтвортой хадгалагдах сайн мэдээтэй байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд бид оны эцэс гэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас гарах байсан 1.8 их наяд төгрөг буюу 500 гаруй сая ам.долларыг хэмнэж чадлаа.

Тодруулбал, Сингапурын бирж дээр дизель түлшний үнэ 1,650 ам.доллар байгаа бол бид 1,205 ам.доллароор буюу тонн тутамд 445 ам.долларын хөнгөлөлттэй үнээр авахаар болж байна.

Ингэснээр тавдугаар сард 6,250 төгрөгт хүрэх байсан түлшний үнийг одоогийн 4,350 төгрөгийн түвшинд барьж чадлаа.

Дэлхийн эрчим хүчний байгууллагын мэдээлж буйгаар түүхэн дэх хамгийн том хямрал нүүрлээд байгаа энэ үед бид харьцангуй хямд үнээр шатахуун авах боломжийг бүрдүүллээ. Цаашид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурвал манай дотоодын үнэ ч дагаад буух хүлээлттэй байна.

Одоогоор техникийн багийнхан эцсийн тохиролцоонуудыг хийж дуусгаад байна гэдгийг онцоллоо. Ерөнхий сайдын зүгээс хэлэлцээр амжилттай болсонд баяр хүргэж, энэхүү тохиролцоо нь төлбөрийн тэнцэл болон эдийн засагт маш том хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.