АТГ: Замын-Үүдийн гаалийн газрын 40 гаруй иргэн, 10 гаруй ААН-ийг хахууль авсан, өгсөн, бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна
Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
АТГ-ын мөрдөгчид Дорноговь аймгийн Сайншанд сум болон Замын-Үүд дэх гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжлүүлж байна.
Одоогоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд 40 гаруй гаалийн улсын байцаагч болон гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан шалгаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн этгээдийг саатуулан шалгаж байгаагаас гурван хүнийг хахууль өгсөн, авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байна. Мөрдөн шалгах ажиллагаа нууцлалын горимд явагдаж байгаа тул яллагдагчаар татагдсан хүмүүсийн нэр ус, албан тушаалыг мэдээлэх боломжгүй юм.
Шалгагдаж буй зарим иргэдийн зүгээс өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар өгөхдөө гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ мэдэгдсэн байна. Эдгээр эрүүгийн хэргүүдийн заримыг иргэд, албан тушаалтны гомдол мэдээллийн дагуу, заримыг нь АТГ-ын мөрдөгчдийн өөрсдийн олж авсан мэдээллийн хүрээнд илрүүлэн шалгаж байгаа аж. Авлигын эсрэг хуулийн дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.