Иргэн Ц.Пүрэвдорж: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, авлигатай тэмцэх газар зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг шалгуулахаар өргөдөл өглөө

Сайд Б.Дэлгэрсайханыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) болон Тагнуулын ерөнхий газарт (ТЕГ) шалгуулах хүсэлтээ албан ёсоор гаргаад байна.

Тэрбээр "Харбины гэрээ" гэх асуудлыг тууштай хамгаалж байгаа бөгөөд түүний хэлсэн үг, хийсэн мэдэгдэл нь үндэсний аюулгүй байдалд харшилж байж болзошгүй гэж үзэж байна. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүдийг дарамталсан шинжтэй үйлдэл гаргаснаас үүдэж, Харбины гэрээний талаарх нээлттэй сонсгол УИХ дээр дэмжигдэлгүй унасан юм.

 Б.Дэлгэрсайхан гишүүн "Хэрэв Монгол Улс нүүрсээ Хятадад хямд өгөхгүй бол тэд хилээ хаана, энэ бол тоглоом биш" хэмээн бусдыг загнаж, айлган сүрдүүлсэн байна. Гэтэл Монгол, Хятад хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд хил хаах асуудал нь зөвхөн дипломат шугамаар, харилцаа туйлын хүйтэрсэн үед л яригддаг. Хэрэв Хятадын талаас ийм мэдэгдэл ирсэн бол энэ нь Гадаад харилцааны яамаар дамжих ёстой байтал Б.Дэлгэрсайхан гишүүн өөрөө дамжуулж байгаа нь түүнийг хэний эрх ашгийг хамгаалаад байгаа вэ гэх асуултыг дагуулж байна.

Харбины гэрээний талаарх мэдээлэл одоогоор улсын нууцад хамаарч байгаа тул УИХ-ын гишүүд ч бүрэн танилцаж амжаагүй байна. Үүний зэрэгцээ Б.Дэлгэрсайхан сайдыг Авлигатай тэмцэх газарт (АТГ) шалгуулахаар бэлтгэж байна. Тэрбээр хувьдаа төмөр зам, вагон, уул уурхайн бизнес эрхэлдэг атлаа зам тээврийн салбарын сайдаар томилогдсон нь ашиг сонирхлын илэрхий зөрчил юм.

Иймд түүнийг томилохдоо ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн хянасан талаар Засгийн газраас тодруулах шаардлагатай. Урьдчилсан тооцоогоор Харбины гэрээнээс үүдэж Монгол Улс дор хаяж 10 тэрбум долларын алдагдал хүлээхээр байна. Энэ нь 240 мянган айлын орон сууц барих хэмжээний асар их мөнгө юм. Биржийн тухай хуулиар баялгийг нээлттэй арилжих ёстой атал 16 жилийн хугацаатай, 50 хувийн хөнгөлөлттэй ийм хохиролтой гэрээ байгуулж байгаа нь эдийн засгийг боомилсон үйлдэл юм.

Хятадын Элчин сайд найрсаг хамтын ажиллагааны талаар мэдэгдэж байхад Б.Дэлгэрсайхан гишүүн хил хаах тухай ярьж байгаа нь хоёр улсын харилцаанд яс хаяж, дунд нь хутган үймүүлж буй хэрэг гэж хардаж байна. Энэхүү асуудал нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэний эрх ашигтай шууд холбоотой. Хэрэв ийм их хэмжээний хөнгөлөлттэйгөөр 16 жилийн турш нүүрсээ өгөөд байвал иргэдийн хүртэх ногдол ашгийн асуудал Оюу Толгойн гэрээ шиг л замхрах аюултай. Засгийн газар алдагдалтай гэрээ хийснээ хүлээн зөвшөөрч, засах шаардлагатай байгаа ч УИХ-ын гишүүд нэг хүний дарамтад орж, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь харамсалтай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.