"Тэнүүн-Огоо" ХХК-ийн удирдлагууд болон С.Жавхлантбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцсон шийдвэрийг хэвээр баталлаа
"Ногоон автобус"-ны хэрэг: Улсын дээд шүүхийн шийдвэр гарлаа Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар нийтийн тээврийн шинэ автобус худалдан авах ажиллагаанд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг хянан хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүн Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван нарыг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Харин "Тэнүүн-Огоо" ХХК-ийн удирдлагууд болон С.Жавхлантбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцсон шийдвэрийг хэвээр баталлаа.
Мөн давж заалдах шатны шүүхээс ажлын хэсгийн зарим гишүүдийн хэргийг "хайнга хандах" гэж хөнгөрүүлэн зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж, "албан тушаалаа урвуулан ашиглах" гэмт хэрэг болгон сэргээж, анхан шатны шүүхийн ялыг хэвээр үлдээсэн байна. УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар болон Б.Алтаншагай нарыг нотлох баримт хангалтгүй, эргэлзээтэй гэх үндэслэлээр цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв.
Гэхдээ шинэ нөхцөл байдал, баримт илэрвэл прокурор Ж.Сүхбаатарт холбогдох хэргийг дахин хянуулах эрхтэйг шүүх тэмдэглэлээ. Харин ажлын хэсгийн гишүүн Ч.Мөнхбаярыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Түүнчлэн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн удирдлагууд болон БНСУ-ын иргэдийн Евро-2 хөдөлгүүртэй автобусыг Евро-5 мэтээр хууран мэхэлж, улсаас санхүүжилт авсан залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Иймд уг залилангийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Оролцогчдын зүгээс гаргасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх бусад гомдлыг хэрэгсэхгүй болгож, өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.