Эрүүл мэндийн өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

Төв талбайд "Эрүүл мэндийг дэмжих нээлттэй өдөрлөг" зохион байгуулагдаж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээний үеэр иргэд үнэ төлбөргүй эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй энэхүү өдөрлөгийн эхний өдөр нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчлах бол маргааш эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг таниулахад чиглэнэ. Харин гурав дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхаарал хандуулж буй уламжлалт анагаах ухааны өв соёл, ёс заншлыг сурталчлах үйл ажиллагаанууд болох юм.

 Өдөрлөгийн хүрээнд эхчүүд, эмэгтэйчүүдэд жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн талаар зөвлөгөө өгч, өсвөр насныханд зориулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар зонхилон тохиолдох долоон төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байгаа бөгөөд "Эрт илрүүлэг амь аварна", "Эрт илрүүлэг – Элэг бүтэн амьдрал" уриатайгаар иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Өнөөдрийн байдлаар нийт оношлогдож буй хорт хавдрын 60 хувь нь хожуу шатандаа байгаа тул өвчин хүндрэхээс өмнө шинжилгээнд хамрагдах нь тухайн хүний эрүүл мэндийнхээ өмнө хүлээх хариуцлага гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Сүхбаатар аймгаас ирсэн Онцгой байдлын ахмад ажилтан Энхбаатар өдөрлөгийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа: "Хөдөө орон нутгаас ирээд ийм сайхан нээлттэй өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Эрүүл мэндийн багц зөвлөгөө авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ямар чухал болохыг ойлголоо. Бид заавал өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө эмнэлэгт хандаж, эрүүл мэнддээ анхаарах ёстойг ахмадууддаа уриалмаар байна" хэмээв. Мөн тус арга хэмжээнд 90 жилийн түүхтэй Монголын Улаан загалмай нийгэмлэг оролцож, гамшгийн удирдлага, эрүүл мэнд, нийгмийн халамж, хүүхэд залуучуудын хөгжил гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа танилцуулж байна. Тэд ус, эрүүл ахуй, анхны тусламжийн сургалт болон цусны донорын үйлсийг сурталчлах чиглэлээр мэдээлэл түгээж байгаа юм.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн шугаман бүжгийн баг хамт олон идэвхтэй оролцож, хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн харилцаанд идэвхтэй байхын давуу талыг харуулж, залуучууд болон гэртээ байгаа иргэдийг дүүрэг бүрт зохиогддог биеийн тамирын арга хэмжээнд хамрагдахыг уриаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.