Н.Балжинням:Улны цалин авдаг эрчим хүчний салбарынхан
Сүхбаатарын талбайд 2026.04.16 буюу өнөөдөр эрчим хүчний салбарын ажилтнууд цалин хөлсний асуудлаа шийдвэрлүүлэхийг шаардан жагсаал зохион байгуулж байна. Тэд эрчим хүчний үнийг нэмсэн ч салбарын ажилчдын цалин бодитоор өсөөгүй, амьжиргаанд хүрэлцэхгүй хэвээр байгааг онцолж байгаа юм. Энэ талаар эрчим хүчний салбарын төлөөлөл Н.Балжиннямтай ярилцлаа.
Манай салбарынхан өнөөдөр амьдралын доод түвшинд ойртсон цалин авч байна. Улаанбаатар хотод ажиллаж буй ажилтнууд дунджаар 2.5 сая орчим, орон нутагт 1.5 сая орчим төгрөгийн цалинтай. Энэ нь амьдралд хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн. Бусад салбарын цалин хөлс эрс өссөнтэй харьцуулахад эрчим хүчний салбарынхан хоцрогдож байна. Автобусны жолооч, тохижилт үйлчилгээний ажилтнууд 3.5 сая төгрөгийн цалин авч байхад эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд үүнээс доогуур орлоготой байгаа нь ажилтнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Эрчим хүчний салбар нь олон жилийн турш нарийн мэргэжил, ур чадвар шаарддаг онцлогтой ч өнөөдөр “улны” хэмжээнд үнэлэгдэх болсон нь харамсалтай. Үүний улмаас залуу мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллахгүй болж, туршлагатай ажилчид тэтгэвэрт гарснаар хүний нөөцийн хомсдол үүсээд байна.
Эрчим хүчний салбархан сүүлийн хоёр жилийн хугацаанд дунджаар 5 орчим хувь нь ажлын байраа сольж, өндөр цалинтай салбар руу шилжих эсвэл гадаадад ажиллахаар явж байна. Түүнчлэн салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хуучрал ноцтой түвшинд хүрсэн. 1950-1970-аад оны үеийн дэд станц, дулааны станц, хуваарилах байгууламж, агаарын шугам, модон тулгуур зэрэг нь элэгдэж, аюултай нөхцөлд ажиллах орчин бүрдсэн ч дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа.
Ийм нөхцөлд ажилчдын тоог цөөрүүлэх талаар ярих нь бодит байдалд нийцэхгүй юм. Салбарын цалин хөлсний асуудал нь зөвхөн байгууллагын түвшинд биш, бодлогын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай. Эрчим хүчний тарифыг өртгөөс нь доогуур барьж байгаа нөхцөлд зөрүүг төрөөс татаасаар нөхөж, ажилчдынхаа цалинг нэмэх ёстой.
Эрчим хүчний салбарынхан ийнхүү цалин, нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийн хомсдолыг шийдвэрлэх бодит арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.