Б.Пүрэвдорж: Ард түмэн мэддэг боловч, өнөөдөр тэр хулгай хийсэн хүмүүс нь энэ танхим дотор ихэнхи нь сууж байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг хэлэлцэх эсэх санал хураалтад 101 гишүүн оролцож, 56 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Тус хуулийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд эсэргүүцэж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр ”Монгол улсын түүхэнд 1992 оноос хойш Бямбацогт шиг УИХ-ын дарга нь УИХ-ынхаа халдашгүй байдлын эсрэг өдөржин шөнөжин ажиллахын тулд 7 хоног завсарлага аваад парламентыг аваачиж хадаг дээр тавиад ерөнхийлөгчид аваачиж өгсөн хамгийн түүхэн дэх ичгүүртэй түүхэнд тас хараар будагдаж үлдэх спикер боллоо.
Эрх чөлөө, парламентын засаглал гэдэг бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш. Монгол Улс дарангуйлал руу шилжиж байна” гэсэн юм.
Уг асуудлаар УИХ-н гишүүн Нара буюу М.Нарантуяа “Эрх мэдэлтнүүдийн хулгай бузар луйврыг ил тод шүүмжилсэн УИХ-н гишүүдийг ёс зүйгээр нь боомилж зайлуулдаг харин зөвхөн эрх мэдэлтнүүдийн төлөө гар хөл болдог кнопчдынгоо хамгаалах ийм л хууль болно” гэв.
Харин тус хуулийг дэмжсэн байр суурьтай байгаа гишүүдийн нэг болох Б.Пүрэвдорж:
“Ард түмэн мэддэг боловч, өнөөдөр тэр хулгай хийсэн хүмүүс нь энэ танхим дотор ихэнх нь сууж байгаа. Энэ хүмүүсийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах боломжгүй болсон. УИХ-ын гишүүнийг дуудахаар хууль хяналтын байгууллагад очдоггүй. Янз янзын асуудлууд дээр хэрэг нотлох баримт цуглуулж гэр орон, данс, машинд нь үзлэг хийх ямар ч боломжгүй болсон.
Тийм учраас хууль хяналтынхан нотлох баримтуудыг хангалттай авч чадахгүй байгаа учраас шүүх рүү шилжүүлж чадахгүй. Шүүх рүү шилжүүлж чадахгүй учраас дахин дахин сонгогдоод байвал насаараа УИХ-н гишүүн байх боломжийг өөртөө авчихсан байхгүй юу даа” гэж хэлэв.
УИХ-ын чуулганы хамгийн анхаарал татсан сэдэв нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.