Нөөцийн мах иргэдэд хүрэхгүй 1-2 цагт л зарагдаж дуусдаг
Хаврын улирал эхэлж, махны үнэ өсөхтэй зэрэгцэн иргэдийн дунд нөөцийн махны эрэлт эрс нэмэгдэж байна. Өдөр тутмын хэрэглээндээ хэмнэлт хийхийг зорьж буй иргэдийн хувьд нөөцийн мах хамгийн боломжит сонголт болж байгаа ч түүний хүртээмж хангалтгүй хэвээр байна.
Манай сурвалжлах баг нийслэлийн хэмжээнд нөөцийн мах борлуулж буй гэрээт дэлгүүрүүдээр явж нөхцөл байдлыг тодрууллаа.
Дэлгүүрийн худалдагчдын хэлж буйгаар нөөцийн махны үнэ саяхан нэмэгдэж, үхрийн мах 3 кг нь 54000 төгрөг, хонины мах 2.5 кг нь 37,500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Гэвч мах ирсэн даруйдаа, дунджаар 1-2 цагийн дотор бүрэн зарагдаж дуусдаг. Мөн зарим дэлгүүрт нөөцийн мах долоо хоногт ердөө нэг удаа нийлүүлэгддэг бөгөөд иргэд мах ирэхийг хүлээн, урьдчилан очиж дараалал үүсгэн худалдан авч байгаа талаар худалдагчид онцоллоо.
Ийнхүү эрэлт нэмэгдсэн энэ үед нөөцийн махны хүртээмж бодит байдал дээр хангалтгүй, иргэдэд жигд хүрэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Хаврын улиралд махны үнийн өсөлт үргэлжлэх хандлагатай байгаа энэ үед нөөцийн махны нийлүүлэлт, хуваарилалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буйг иргэд хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.