Ц.Батболд: Туулын хурдны замын төсөл анхнаасаа л хууль зөрчсөн нь ойлгомжтой

Туул голоо аврах хөдөлгөөний гишүүн Ц.Батболд өөрийн байрь сууриа илэрхийллээ.

Туулын хурдны зам төслийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн 24 дэх өдрөө үргэлжилж байна. Иргэд Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг өнөөдөр хүлээн авлаа. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Раднаасэдийн гарын үсэгтэй уг албан бичигт төсөлтэй холбоотой хууль зөрчсөн асуудал байгаа эсэхийг шалгаж, хариуцлага тооцохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад үүрэг болгожээ.

Иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу 30-60 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалттай. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам төслийн байгаль орчны үнэлгээ болон бусад дүгнэлтүүд хууль ёсны дагуу гарсан эсэхийг шалгах үүрэгтэй. Уг төсөл анхнаасаа хууль зөрчсөн болохыг салбарын сайд өмнө нь мэдэгдэж, гүйцэтгэгч компанийн үйл ажиллагааг зогсоон, торгох шийдвэр гаргаж байсан билээ.

Хэрэв шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдвол харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэх ёстой. Одоогийн байдлаар төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын компани тендерт хуулийн дагуу, шударгаар өрсөлдсөн эсэх асуудлыг АТГ шалгаж байна. Хэрэв шалгалтаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрч, шүүхээр батлагдвал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр хууль зөрчсөн эсвэл Засгийн газрын шийдвэртэй зөрчилдсөн нь тогтоогдвол Ерөнхий сайд түүнийг огцруулах хүртэлх улс төрийн хариуцлага тооцох бүрэн эрхтэй. Мөн Ерөнхий сайд нь Усны үндэсний зөвлөлийг тэргүүлдэг тул усны хамгаалалтын бүсэд хэрэгжиж буй уг төслийн асуудлаар зөвлөлөө яаралтай хуралдуулж, тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байна. Иймд цаашид уг мега төсөлтэй холбоотойгоор эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах АТГ болон шүүхийн шийдвэр, мөн хууль тогтоомж зөрчсөн эсэх талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эцсийн дүгнэлтийг хүлээх л үлдэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.