Ц.Лут-Очир: БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирт хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэлд хяналт шалгалт явуул гэж үүрэг болгосон
Туул голоо аврах хөдөлгөөний Засгийн газарт Х.Нямбаатарыг огцруулах албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичгийн хариу 4 сарын 10нд ирсэн байна.
Туул голын хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг бид Засгийн газарт хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Н.Раднаасэдийн гарын үсэгтэйгээр хүлээн авлаа.
Тус албан бичигт Туул голын бургасыг устгаж байгааг нэн даруй зогсоох, Усны газрын дүгнэлт гаргуулаагүй болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгах үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад өгсөн байна. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдвол холбогдох арга хэмжээг авах юм. Энэхүү албан бичиг нь хотын даргад хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой.
Хотын даргыг огцруулах эрх мэдэл Ерөнхий сайд болон НИТХ-д бий. Мөн хяналт шалгалт, шүүхийн шийдвэрээр хууль зөрчсөн нь тогтоогдвол огцруулах бүрэн боломжтой бөгөөд одоогоор Засгийн газраас холбогдох шалгалтыг хийх үүрэг өгөгдөөд байна. Бидний тэмцэл ямар нэгэн улс төрийн зорилгогүй бөгөөд нийслэлийн ундны усны цорын ганц эх үүсвэр болсон Туул голоо хамгаалж үлдэх туйлын зорилготой.
Байгаль орчинд хор хөнөөлтэй, өндөр өртөгтэй энэ төслийг хэн ч хэрэгжүүлсэн бид эсэргүүцэх болно. Хотын дарга Х.Нямбаатар биднийг гүтгэн доромжилж, олон нийтийг турхирч байгаа тул төслийг зогсоохын тулд түүнийг огцруулах шаардлага зүй ёсоор нэмэгдсэн юм. Цаашид бид зөвхөн хуулийн хүрээнд тэмцлээ үргэлжлүүлнэ. Ямар нэгэн хорлон сүйтгэх, хууль бус үйлдэл гаргахгүй бөгөөд төслийн хууль бус, хор хөнөөлтэйг баримтаар нотлох замаар эрх бүхий байгууллагаар зогсоолгох хатуу байр суурьтай байна. Одоогоор бидэнд шууд ирсэн дарамт шахалт байхгүй ч, төслийг дэмжигчдийн зүгээс хяналт шалгалт явуулж буй Байгаль орчны сайд болон ажлын хэсэгт нөлөөлөх зорилгоор жагсаал цуглаан зохион байгуулж, шахалт үзүүлж эхлээд байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.