Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн золиос болжээ
Цагдаагийн ерөнхий газар , Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим хэрэглээг зөв дадал болгох зорилгоор мэдээлэл хийлээ.
Энэ хүрээнд "Эвдрээгүй ирээдүйг бүтээе" аяныг тавдугаар сарын 6-ныг хүртэл өрнүүлж, цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалттай тэмцэх ажлыг эрчимжүүлж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд хүүхэд хохирсон 2300 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 17-18 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн золиос болжээ.
Сүүлийн үед өсвөр насныхан буюу 16-17 настай хүүхдүүд цахим орчинд бүлэглэн нэгнээ дээрэлхэх, дарамтлах, айлган сүрдүүлэх үйлдэл ихсэж, үүнээс үүдэн хохирогч хүүхэд сэтгэл зүйн хямралд орох, сургуулиас завсардах зэрэг ноцтой үр дагавар гарч байна. Судалгаагаар сургуулийн орчинд үйлдэгдэж буй дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахим хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд 13-17 насныхан төдийгүй 9-12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь цахим гадуурхалтад өртөж байна.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд бусдыг дээрэлхдэг, нэр төрд нь халддаг хаалттай группүүдийг илрүүлэн устгах арга хэмжээ авч байна. Өнгөрсөн онд дээрэлхэлт болон садар самуун сурталчилсан 500 гаруй, энэ оны эхний улиралд 35 группийг хаалгажээ. Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх, хөнгөн хэлбэрийн үйлдэлд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох зохицуулалттай.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хүүхдээс мэдүүлэг авах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгайлан бэлтгэгдсэн хоёр сэтгэл зүйч ажиллаж байна. Хүүхдүүд дээрэлхэлтэд өртсөн ч эцэг эх, багш нартаа хэлэхээс эмээж, далд хэлбэрт орох хандлагатай байгаа тул И-Монгол (E-Mongolia) системийн "E-Kids" аппликейшнд шинэ хөгжүүлэлт хийжээ.
Ингэснээр хүүхэд утсаар ярих шаардлагагүйгээр цахим дээрэлхэлтийн нотлох баримтаа тус аппликейшнээр дамжуулан цагдаагийн байгууллага болон нийгмийн ажилтанд шууд илгээж, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг хянах боломж бүрдэж байна. Хэрэгт холбогдсон болон хохирсон хүүхдүүдийн зураг, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээх нь тухайн хүүхдийг давхар гадуурхаж, мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулдаг.
Мөн хандалт авах зорилгоор хуурамч мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэх тохиолдол гарч байгаа тул эцэг эхчүүд болон иргэдийг цахим орчинд хүлээцтэй, хариуцлагатай хандаж, хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагуудаас уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.