БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайванийн Гоминдан намын даргатай уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайванийн Гоминдан намын даргатай уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Тайванийн гол сөрөг хүчин болох Гоминдан намын дарга Чен Ли Вүн нар Бээжин хотын Ардын их хурлын ордонд хаалттай уулзалт хийлээ.

Хятадын Коммунист нам Тайванийн ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Лай Чин Тэг салан тусгаарлагч хэмээн буруутгаж, шууд яриа хэлэлцээ хийхээс татгалзсаар байгаа энэ үед уг өндөр дээд хэмжээний уулзалт болж байгаагаараа онцлог юм. Бээжингийн эрх баригчид энэхүү уулзалтаар дамжуулан Гоминдан намыг өөрсдийн илүүд үзэж буй түнш гэдгээ баталгаажуулахыг зорьж байна.

Тайванийн хоолойн хоёр эргийн цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой "Энх тайвны аялал" хэмээн нэрлэсэн уг айлчлал дөрөвдүгээр сарын 7-оос 12-ны хооронд үргэлжлэх юм.

Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газрын дарга Сун Тао гуравдугаар сарын 30-нд Ши Жиньпиний урилгыг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Чен Ли Вүн тэргүүтэй төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн ирэхээсээ өмнө Шанхай болон 1949 оноос өмнөх Гоминдан намын засаглалын үеийн нийслэл Нанжин хотуудаар зочилжээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин хоёр эргийн иргэдийг нэг гэр бүлийн хүмүүс хэмээн тодотгоод, энх тайван, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааг эрхэмлэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх үндсэн нөхцөлийн дор Гоминдан намтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх санал тавьжээ.

Гоминдан намын дарга Чен Ли Вүн эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын Бээжинтэй үүсгэсэн хурцадмал харилцаа нь Тайванийг эрсдэлд оруулж байна гэж шүүмжилсэн бөгөөд өөрийнх нь айлчлал дайн гарцаагүй биш гэдгийг батлах механизм болно гэж тайлбарласан юм. Гэвч Тайванийн Эх газрын хэрэг эрхлэх хорооны сайд Чиу Чуй Чен уг айлчлалд эргэлзэж буйгаа илэрхийлж, Хятадын Коммунист намын урхинд орохгүй байхыг хатуу анхаарууллаа. Засгийн газрын зүгээс түүнийг чөлөөтэй зорчих эрхтэй хэдий ч сонгогдсон засгийн газрыг төлөөлж ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх хууль эрх зүйн бүрэн эрхгүй гэдгийг сануулсан байна.

Энэхүү айлчлал Тайванийн дотоодод хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Орон нутгийн хэвлэлүүдийн нийтлэлд Чен Ли Вүнийг гэнэн үйлдэл гаргаж, эх орноосоо урвасан хэмээн буруутгажээ. Түүнчлэн шүүмжлэгчид дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болсон уг уулзалт нь АНУ-ын Тайванийн харилцааны тухай хуулийн ойн өдөртэй санаатайгаар давхцаж байгааг онцолж байна.

Энэ нь АНУ-ын нөлөөг сөрөн зогсох, Вашингтон болон Тайбэйн харилцааг сулруулах зорилготой Бээжингийн нарийн тооцоолсон алхам гэж шинжээчид үзэж байгаа юм.

Улс төрийн энэ үйл явдал нь Тайванийн хууль тогтоох байгууллагад олонх болсон Гоминдан болон Тайванийн Ардын нам хамтран Ерөнхийлөгч Лай Чин Тэгийн санал болгосон 40 тэрбум ам.долларын батлан хамгаалахын нэмэлт төсвийг гацаасаар байгаа эгзэгтэй цаг үед тохиож байна.

Хятадын болзошгүй түрэмгийллээс сэргийлэх зорилгоор Америкийн дэвшилтэт зэвсэг худалдан авахад зориулагдсан уг төсвийг үргэлжлүүлэн боомилох дарамтыг Ши Жиньпин сөрөг хүчний эвсэлд үзүүлж байж болзошгүй гэж ажиглагчид дүгнэжээ. Үүний зэрэгцээ, уулзалт нь Иран болон Ойрхи Дорнодод өрнөж буй дайны улмаас 2026 оны тавдугаар сарын дунд үе хүртэл хойшлоод буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ши Жиньпин нарын хоёр талт дээд хэмжээний уулзалтын өмнөх Хятадын стратегийн байр сууриа бэхжүүлэх алхам болж байна.

Эх сурвалж:

wypr.org

japantimes.co.jp

understandingwar.org

globaltaiwan.org

taipeitimes.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.