Д.Энхтүвшин: Харбины гэрээ нууцад байх ёсгүй. Энэ гэрээний хүрээнд авлига, ашиг сонирхол байгаа бол үүнийг ил болгох ёстой

Харбины гэрээн талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байрь сууриа илэрхийлээ.

Энэхүү гэрээг хэлэлцэж байх үед тодорхой саналуудыг хэлж байсан. Үүн дээр зарчмын нэг, хоёр санал байгаа юм. Энэ гэрээ ил тод байх ёстой бөгөөд нууцлалд орох ёсгүй. Хэрэв гэрээтэй холбоотой ямар нэгэн авлига, ашиг сонирхлын зөрчил гарсан бол гэрээг хүчингүй болгох заалт оруулаач ээ гэдэг саналыг тавьж байсан. Өнөөдөр бид Оюутолгойн гэрээг буруутай, зөв ч гэсэн маргалдаад, сайжруулаад явж байгаа.

Энэхүү сайжруулж байгаа үйл явцын гол үр дүн буюу гэрээнд хийсэн заалтууд нь ил тод байгаа. Ямар ч хүн интернэтээр ороод үзэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг олоод үзэх боломжтой бөгөөд буруу, зөвийг нь өөрсдөө дэнслээд харах эрхтэй байдаг. Энэ гэрээн дээр оруулсан бас нэг чухал заалт нь авлига, ашиг сонирхлын асуудал үүссэн тохиолдолд гэрээ хүчингүй болно гэдэг асуудлыг тусгаж ярьсан явдал юм. Тэгэхээр Харбины гэрээний энэхүү сонсгол нь гэрээг хэрхэн сайжруулах вэ гэдэг бололцоо, боломжуудыг нээх ёстой гэж бодож байна.

Гэтэл яг одоо байгуулчихсан байгаа энэ гэрээгээр бид уул уурхай, ашигт малтмалынхаа ашиглалтын талаар ард түмний мэдэх эрхийг хязгаарлачихсан. Өөрөөр хэлбэл, үүнийгээ мэдье гэхээр бид Хятадын талаас асуух шаардлагатай болчхоод байгаа юм. Үндсэн хуулиар ашигт малтмал, газрын хэвлийн баялаг бол гагцхүү ард түмний мэдэлд байна гээд заачихсан байдаг.

Гэтэл ард түмний мэдэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарлаад, нууцын гэрээний агуулахад оруулчихсан байна. Тэгээд үүнийг нууцад оруулахын тулд өнөөдөр бас Төрийн нууцын тухай хуулийг хэлэлцье гэж төлөвлөж байсан. Үүнтэй холбоотойгоор төмөр замтай холбоотой асуудлыг өмнө нь байгууллагын нууц гэдэг рүү оруулдаг байсан бол, одоо олон улсын гэрээ гэдэг статуст оруулаад, энэ нь буцаад харилцаж байгаа бусад орнуудын нэр хүндэд халтай үйл явдал болж хувирч байна. Хэрэв энэ гэрээ ил тод, асуудалгүй байгаад хүн болгон танилцаад явдаг бол сайжруулах бололцоо, боломжуудыг бид нар, ард түмэн, иргэд ярилцах боломжтой байх байсан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.