Ж.Золжаргал: Харбины гэрээний үнэ дээр хэдэн их наядаар тоологдох зөрүү яригдана

Харбины гэрээн талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байрь сууриа илэрхийлээ.

Нүүрсний оффтейк гэрээ байгуулагдахаас өмнө Улсын Их Хурлаас тодорхой чиглэл өгсөн тогтоол гарсныг та бүхэн санаж байгаа. Уг тогтоолд Тавантолгойн нүүрсийг сорчилж олборлохгүй байх, зөвхөн сайн чанарын нүүрсийг дангаар нь гаргахгүйгээр бусад төрөлтэй нь зохистой харьцаагаар хольж нийлүүлэх шаардлагыг тусгасан. Хэдийгээр бид нүүрсний үнийн асуудлаар санал гаргаж, чуулганаар хэлэлцүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Гэвч одоогийн үнийн томьёолол хэт алдагдалтай байгаа бөгөөд үүнээс үүдэн жилдээ 100-300 сая ам.доллар буюу их наяд төгрөгөөр хэмжигдэх хэмжээний зөрүү гарч, улсыг хохироох эрсдэлтэй байна. Тиймээс энэхүү гэрээ нь Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу хийгдсэн эсэх, дээрх шаардлагуудыг хангасан эсэхийг бид нээлттэй сонсож, хяналт тавих зайлшгүй шаардлагатай.

Энэхүү мэдээллийг сонсохгүй байх, нуун дарагдуулах ямар ч шалтгаан байхгүй бөгөөд хууль тогтоох байгууллага хяналтын чиг үүргийнхээ хүрээнд холбогдох мэдээллийг бүрэн авах эрхтэй. Энэ бол зөвхөн хоёр компанийн хоорондын асуудал биш, Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын харилцааны түвшний асуудал юм. Газрын хэвлийн баялгийн менежмент нь нэг нам, эсвэл хэсэг бүлэг даргын хүрээнд бус, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй хэлэлцэгдэх ёстой.

Урд хөрш маань 21 дүгээр зууны шинэ хэв маягийн харилцааг тогтоож, хөрш орнуудтайгаа харилцан ашигтай, найрсаг, тогтвортой хамтран ажиллах том бодлого тунхагласан. Бид ч мөн энэ бодлогын хүрээнд асуудалд хандаж, олон жил үргэлжлэх гэрээ хэлэлцээрийг мөнхийн хэрүүл маргаан, хардлага сэрдлэгийн сэдэв болгохгүй байх тал дээр анхаарах учиртай. Иймд 10, 20 жилээр үргэлжлэх энэхүү урт хугацааны гэрээг эртхэн ил тод хэлэлцэж, дэмжих зүйлээ дэмжээд, засаж сайжруулах шаардлагатайг нь залруулан нэгдсэн дүгнэлтэд хүрэх нь зүйтэй. Өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх эсэхээ шийдэх гэж байгаа тул та бүхнийг энэ тал дээр онцгой анхаарал хандуулж, нухацтай хандахыг хүсье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.