Ж.Баярмаа: Харбины гэрээний сонсгол хийхийг гишүүд дэмжинэ гэж найдаж байна
Харбины гэрээн талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ бол бидэнд олон зүйлийг илчлэн харуулах маш чухал асуудал юм. Өмнөх гишүүдийн хэлсэнчлэн, эдгээр гэрээний ард чухам юу өрнөж байна вэ гэдгийг бид онцгойлон анхаарах ёстой. Нүүрсний сонсголын үеэр өмнө нь байгуулагдсан бүх оффтейк гэрээ асуудалтай төдийгүй 44 их наяд төгрөгийн хохирол яригдаж байсан. Тиймээс ийм өндөр үнийн дүнтэй, эргэлзээ дагуулсан гэрээнүүдийг цаг алдалгүй хянан шалгаж, алдаа дутагдал байвал даруй засаж сайжруулах шаардлагатай байна.
Бидэнд хардаж сэрдэх үндэслэл хангалттай бий. Тухайлбал, 2024 оны 2 дугаар сард гарсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн холбогдох албан тушаалтны тайланд нэгэн ноцтой баримт дурдагдсан байдаг. БНХАУ-ын тал 250 сая тонн нүүрсийг 16 жилийн турш худалдан авахдаа биржийн үнээр авахыг хүлээн зөвшөөрч, гагцхүү 5 хувийн хөнгөлөлт эдлэх санал тавьсан байна.
Өөрөөр хэлбэл, биржийн үнэ 100 ам.доллар байлаа гэж бодоход 95 ам.доллароор борлуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ боломжийг үгүй хийж, зах зээлийн үнээс бараг хоёр дахин хямд буюу 50-60 ам.доллароор Монгол Улсын баялгийг 16 жилийн турш худалдахаар тохиролцсон нь маш ноцтой асуудал юм. Иймд иргэдийнхээ өмнөөс энэхүү гэрээг хянан шалгах Түр хороог байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Хэрэв үнэхээр алдаатай гэрээ болсон бол цаг алдалгүй засаж, улс орон, ард түмэнд ашигтай хэлбэрт оруулах ёстой.
Харин ямар нэгэн зөрчилгүй, хууль ёсны дагуу хийгдсэн бол бид үүнийг хүлээн зөвшөөрөх болно. Гэвч бодит байдал дээр өндөр үнийн дүнтэй, нууцын зэрэглэлд оруулсан томоохон оффтейк гэрээнүүдийн ард авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж байх магадлал маш өндөр байна. Шулуухан хэлэхэд, манай эрх мэдэлтнүүд нэг тонн нүүрс тутмаас хэдэн ам.долларын хууль бус ашиг олж байгааг бид мэдэхгүй.
Энэхүү асуудалд бид гаднын хөрш орныг буруутгахгүй бөгөөд энэ нь тусдаа асуудал юм. Хамгийн гол нь төрийн өмчит компаниудын нэрийг барьж, улсын баялгийг хувьдаа завшдаг, улмаар сонгуулийн санхүүжилтээ босгодог байж болзошгүй хууль бус үйлдлүүдийн үнэн мөнийг тогтоох нь бидний үндсэн зорилго билээ. Тиймээс Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү ноцтой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулах санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бол зөвхөн бидний бус, ард иргэдийн зүй ёсны шаардлага юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.