А.Үйлстөгөлдөр: Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан эсэхийг нам биш, УИХ-ын гишүүд та бүхэн өөрсдөө шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Хуулийн төслийг танилцуулсан ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөрийн байр сууринаас хүргэе.
ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр:
-Тойргоос сонгогдсон гишүүний мандат өөрт нь хадгалагддаг. Учир нь иргэд тухайн хүнд шууд саналаа өгдөг. Харин жагсаалтаар сонгогдсон гишүүний хувьд, сонгогчид намд саналаа өгсөн байдаг тул мандат нь намд хадгалагддаг.
Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой жишээ дурдъя.
Хэрэв жагсаалтаар сонгогдсон гишүүн намаа соливол яах вэ. Мандат нь тухайн гишүүнд биш, намд хадгалагдаж байгаа учраас эндээс маргаан үүсэж байна. Тиймээс улс төрийн намуудыг хариуцлагажуулах шаардлагатай гэдгийг түрүүн Номинчимэг гишүүн хэлсэн. Нам өөрөө хариуцлага хүлээж, дараа дараагийн сонгуулиар жагсаалтад ямар хүн дэвшүүлэх тал дээрээ илүү анхаарах ёстой гэсэн гишүүдийн аргумент, саналууд хоорондоо нийлж байгаа юм.
Номинчимэг, Ариунзаяа нарын гишүүдийн хэлж буйгаар, хуулийн төслийн 2 дугаар заалтыг тусад нь салгаж авч үзэж байгаа нь эргэлзээ төрүүлж байж болох юм. Энэхүү заалт дээр хэрхэн ажиллаж, яаж сайжруулах талаар санал солилцоход бүрэн нээлттэй. Хууль санаачлагч болон ажлын хэсгийн зүгээс үүнийг тулган шаардсан зүйл байхгүй бөгөөд хууль хэлэлцэх явцад шийдэгдээд явах асуудал юм.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр зохицуулагдах харилцаа учраас үүнд намын дүрэм хамаарахгүй. Мөн хардлага дагуулж буй 1, 2 дугаар заалтыг ашиглан нам өөрийнх нь эсрэг дуугарсан, эсвэл намын бодлогыг дэмжээгүй гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох зэргээр урвуугаар ашиглах боломжгүй.
Учир нь хуулийн төсөлд "Ёс зүйн ноцтой зөрчил" гэж маш тодорхой зааж өгсөн. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан эсэхийг нам биш, УИХ-ын гишүүд та бүхэн өөрсдөө шийдвэрлэнэ. Энэхүү зохицуулалтыг УИХ-ын гишүний ёс зүйн дүрмээр зохицуулах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.