Г.Ганхуяг: Зэс болон ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөл батлагдаад, олон улсын сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс зарлаж байна
Эрчим хүч, эрдэс баялагийн салбарын нээлттэй долоо хоног арга хэмжээ болж байна. Эрдэнэс "ҮТП" ХХК төсөл хөгжүүлэлт удирдлагын газрын дарга Г.Ганхуягаас үйлдвэрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү арга хэмжээнд "Эрдэнэс Монгол" нэгдэл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, харьяа охин компаниуд олон нийтэд үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж байна. Манай "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн хувьд 2023 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн өдөрлөгөөр Үйлдвэр, технологийн паркийн төслүүдийн хэрэгжилт, явцын талаарх мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмал, эрдэс баялгийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Үйлдвэр, технологийн паркуудыг байгуулах бодлого гарган хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд зургаан Үйлдвэр, технологийн паркийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангах, зураг төсөл, суурь судалгааг боловсруулах ажлууд сүүлийн хоёр жилийн хугацаанд тасралтгүй хийгдэж, тодорхой үр дүнгүүд гарч эхлээд байна.
Тухайлбал, Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын тендер амжилттай явагдаж, эцсийн шатанд дөрвөн компани тунаж үлдээд байгаа бөгөөд удахгүй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах шатандаа орно. Мөн өчигдөрхөн Засгийн газрын хуралдаанаар Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан бид Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран олон улсын сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс зарлаж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй мега 14 төсөлд багтсан хүнд үйлдвэрийн салбарын эдгээр голлох төслүүд нь манай компанийн хэрэгжүүлж буй Үйлдвэр, технологийн паркийн төслүүдэд харьяалагдаж байгаа бөгөөд ажлын явц нэлээд ахицтай үргэлжилж байна. Үйлдвэр, технологийн паркуудыг байгуулахад хамгийн чухал хүчин зүйл бол тэнд ажиллах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд байдаг. Гэвч сүүлийн 20-30 жилийн хугацаанд хүнд үйлдвэрийн салбар тодорхой хэмжээнд орхигдож, хүний нөөцийн бодлого алдагдсаны улмаас өнөөдөр Монгол Улсад нүүрс гүн боловсруулах болон металлургийн чиглэлийн боловсон хүчний ноцтой дутагдал үүссэн байна.
Тиймээс манай компани зөвхөн бүтээн байгуулалт хийхээс гадна хүний нөөцөө давхар бэлтгэх нь зүйтэй гэж үзэж, Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн эхний ээлжид бид БНХАУ-ын Уул уурхайн их сургууль болон Монгол Улсын ШУТИС-тай хамтран "2+2" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ жил нүүрс гүн боловсруулах чиглэлээр 20 оюутныг шалгаруулж, 100 хувийн тэтгэлгээр суралцуулах бөгөөд оюутнууд эхний хоёр жил ШУТИС-д, үлдсэн хоёр жил БНХАУ-д суралцах юм. Цаашид бид энэхүү үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, металлурги, химийн инженерчлэл зэрэг олон чиглэлээр нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр дотоод, гадаадын их, дээд сургуулиуд болон олон улсын байгууллагуудтай хэлэлцээр хийж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт одоогоор зарлагдаад байна. Нүүрс гүн боловсруулах технологийн чиглэлээр бэлтгэгдэх оюутнуудад тавигдах үндсэн шалгуур нь ШУТИС-ийн харьяа Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн нүүрс, химийн инженерийн ангид элсэн орсон байх шаардлагатай. Мөн БНХАУ-д үргэлжлүүлэн суралцах тул хятад хэлний анхан шатны мэдлэгтэй байхыг шаардаж байгаа. Шалгуурт тэнцсэн 20 оюутанд дөрвөн жилийн хугацаанд сургалтын төлбөрийн 100 хувийн бүрэн тэтгэлэг олгож, салбарынхаа ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.