Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах шинэ төсөл эхэллээ
2026 оны 4 дүгээр сарын 9-нд Улаанбаатар хотод Европын Холбоо, Засгийн газрын түнш байгууллагуудтай хамтран Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага “Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах, урьдчилан сэргийлэх болон эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх” (2026–2027) төслийн нээлтээ хийлээ.
Энэхүү төсөл нь хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зорилготой. Судалгаагаар өсвөр насныхны 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн болох нь тогтоогджээ.
Нээлтийн үеэр Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните цахим орчин нь шинэ боломж нээж байгаа ч хүүхдүүдийг эрсдэлд оруулж байгааг онцолж, төслийн ач холбогдлыг тэмдэглэв.
ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд энэхүү төсөл нь хүүхдүүдийг цахим аюулаас хамгаалах мэдлэг, ур чадвартай болгоход чиглэж байгааг хэллээ.
Төслийн хүрээнд: Үндэсний судалгааг шинэчлэн гаргаж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдүүдэд цахим аюулгүй байдлын сургалт, арга зүйн материал хүргэх, эрх зөрчигдсөн тохиолдолд мэдээлэх, гомдол гаргах ур чадварыг нэмэгдүүлэх, аймаг бүсийн хүүхдийн чуулган зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх, энэ арга хэмжээнд төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хүүхэд хамгаалал, цахим орчны зохицуулалт, тулгамдаж буй асуудлын талаар байр сууриа хуваалцлаа.
Төслийн нээлтэнд оролцсон холбогдох хүмүүсийн байр сууриас хүргэж байна.

ХГБХХЕГ-ын хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг: Үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг цахим хувийн хэрэгт бүртгэх шаардлага байхгүй
Үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэх нь шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь хүүхэд нас бол төлөвшөөгүй, алдаа гаргах магадлал өндөр үе тул нэг удаагийн буруу үйлдлийг нь насан туршийн “хар толбо” болгон үлдээх нь ирээдүйд нь сөргөөр нөлөөлнө. Харин үүний оронд хүүхдүүд яагаад дээрэлхдэг шалтгааныг олж, хүмүүжил, ёс зүйн боловсрол олгох нь чухал. Мөн буруутай хүүхдээр уучлалт гуйлгах, эвлэрүүлэх нь ёс суртахууны хувьд зөв дадал төлөвшүүлэх ач холбогдолтой. Харин дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлтэй нь хамтран дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

ХХЗ хорооны зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг: Цахим орчинд хүүхдүүд хүчирхийллийн шинжтэй зураг бичлэг хүлээж авдаг
Монгол хүүхдүүдийн цахим орчинд тулгарч буй хамгийн ноцтой асуудал нь цахим дээрэлхэлт болон хүчирхийллийн шинжтэй контент юм. Хүүхдүүд бие биенээ цахимаар дээрэлхэхээс гадна зохисгүй зураг, бичлэг хүлээн авах тохиолдол түгээмэл байна. Мөн дэлгэцийн хэрэглээ хэт их байгаа нь анхаарал татаж байгаа бөгөөд өсвөр насныхан өдөрт дунджаар 4 цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Энэ нь олон улсын зөвлөмжөөс даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Үүнээс гадна эцэг эхчүүд бага насны хүүхдэд утас, төхөөрөмжийг хяналтгүй өгдөг нь хүүхдүүд санамсаргүйгээр сөрөг нөлөө бүхий контентод өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.