Б.Аюурзана: Энэхүү эгзэгтэй цаг үед голын голдирол дээгүүр хурдны зам барих нь нөхөж баршгүй, эргэлт буцалтгүй сүйрлийг авчирна
Намайг Аюурзана гэдэг. Би ШУТИС-ийн ахлах багш, усны инженерчлэлийн чиглэлээр ажилладаг судлаач байна. Туул голын дагуу барихаар төлөвлөж буй хурдны зам нь голын татам болон голдирлыг дайран өнгөрөхөөр зурагдсан нь экосистемд асар их хохирол учруулах эрсдэлтэй.
Энэ асуудлаар би өмнө нь удаа дараа сануулж байсан ч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд огт тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, уг төсөл байгаль орчинд хэр хэмжээний хор хөнөөл учруулах талаарх бодит хариулт өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Туул голын байгалийн унаган төрх, урсацын горим аль хэдийн алдагдсан. Улаанбаатар хотын хэт төвлөрлөөс үүдэн усны хэрэглээ эрс нэмэгдэж, их хэмжээний бохирдол гол руу нийлүүлэгдэхийн зэрэгцээ голын татам, эрэг дагуух газрыг замбараагүй олгож, барилгажуулсан.
Түүнчлэн Туул голд цутгадаг Улиастай, Сэлбэ, Толгойт зэрэг голуудын голдирлыг өөрчилж, заримыг нь бүрмөсөн устгасан гашуун туршлага бидэнд бий. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Туул голын экосистем өдрөөс өдөрт доройтож, эрсдэлтэй нөхцөл байдал руу шилжээд байна.
Энэхүү эгзэгтэй цаг үед голын голдирол дээгүүр хурдны зам барих нь нөхөж баршгүй, эргэлт буцалтгүй сүйрлийг авчирна. Хурдны замыг 50-60 жил ашиглалаа гэж бодоход энэ хугацаанд байгальд тасралтгүй сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд ашиглалтын хугацаа дуусаж буулгах үед ч экосистемд дахин хүнд цохилт болно.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд голын сав газрыг онгон дагшнаар нь үлдээж, байгальд ээлтэй төлөвлөлт хийхийг эрхэмлэдэг болсон. Хот суурин, зам гүүр зэрэг дэд бүтцийн хөгжил нь хүндээ хэрэгтэй ч байгаль орчинд дарамт учруулдаг тул аль болох сөрөг нөлөөгүй хувилбарыг сонгох нь орчин үеийн хот төлөвлөлтийн үндсэн зарчим юм.
Улаанбаатар хот өөрөө Туул голын хувьд хамгийн том аюул заналхийлэл болчхоод байгаа энэ үед бид голоо аврахын тулд хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Гэтэл байгаль орчноо сүйтгэх шинэ аюул бий болгохын тулд дахин асар их хөрөнгө зарах нь ямар ч эрүүл ухаанд нийцэхгүй. Туул гол хот руу орохдоо цэнгэг урсдаг ч хотоос гарахдаа бүрэн бохирддог.
Гол дээгүүр зам барьснаар барилгын ажлын үед үүсэх шууд бохирдлоос гадна ашиглалтад орсны дараа усны чанар муудаж, дуу шуугиан, агаарын бохирдол зэрэг олон талт сөрөг нөлөөллүүд экосистемд урт хугацаанд заналхийлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.